
Монгол Улсын ховор ургамлын жагсаалтад багтсан дэрвэгэр жиргэрүүг устах аюулд орохоос урьдчилан сэргийлэх, биологийн нөөцийг хамгаалах, экологийн шаардлагыг харгалзан энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэл таван жилийн хугацаанд түүж бэлтгэх, гадаад улсад экспортлохыг хориглохоор БОАЖ-ын сайд шийдвэрлэсэн. Гэвч хууль, журам зөрчин ховор ургамлын үндэс түүх явдал гарсаар байна.
Тухайлбал, зөвшөөрөлгүй дэрвэгэр жиргэрүү түүж байсан хүмүүсийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрынхан саатуулжээ. Орон нутгийн цагдаагийн эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Дархан сумын нутагт энэ сарын 2-ны 21.10 цагийн үед “Ниссан патрол” маркийн автомашиныг манай Замын цагдаагийн тасгийн зохицуулагч зогсоож шалгасан юм билээ. Энэ үед тээшинд нь шуудайлж бэлтгэсэн дэрвэгэр жиргэрүү гэх ургамлын үндэс байсан.
Гарал үүслийн болон зөвшөөрлийн ямар ч бичиг баримтгүй тэднийг шалгуулахаар мөрдөгч, мэргэжлийн хяналтынханд шилжүүлсэн. Хэнтий аймгийн харьяат Х, Б, Архангайн иргэн Т, Улаанбаатар хотод оршин суух Б гээд 20-50 настай 11 хүн түүхийг хориглосон ховор ургамал бэлтгэсэн байсан” гэсэн мэдээлэл өглөө.
Г.Равжаа