
Монгол орны байгаль, цаг уурт тохирсон, эдийн засгийн хэмнэлттэй “Мон 30” загварын том оврын автобусыг “Монгол машин индустриал”, “Монгол машин байгууламж” компанийнхан хамтран үйлдвэрлэж эхэлжээ. Дээрх компаниуд эхний ээлжинд “Эрдэнэт үйлдвэр”-ийн захиалгаар 22 хүний суудалтай дунд оврын хоёр автобус үйлдвэрлэснээ өнгөрсөн баасан гарагт хүлээлгэн өгсөн юм. Түүнчлэн БСШУСЯ-ны захиалгаар угсарч буй, сурагчдын найман автобусаа энэ сарын 15-нд гардуулан өгөх аж.
Мөн Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар 40 хүний суудалтай, нийт 40-80 хүн зорчих багтаажтай том оврын автобуснууд үйлдвэрлэсэн байна. Энэ нь 380 вольтын хүчдэлээр 2-3 цаг цэнэглээд 160-200 км зам туулах хүчин чадалтай, манай орны эрс тэс уур амьсгалд тохируулан, өвөл цантахаас сэргийлэн вакум цонхтой хийсэн бөгөөд 100 хувь цахилгаан учир хорт утаа ялгаруулахгүй давуу талтай юм байна. Одоо үйлчилгээнд явж буй нийтийн тээврийн автобус жилд 43 сая төгрөгийн түлш хэрэглэдэг бол монгол инженерүүдийн хийсэн автобус жилд зургаан сая төгрөгийн цахилгаан зарцуулах аж.
Дээрх хоёр компанийнхан бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 150-200 автобус үйлдвэрлэж, 400 хүнийг ажлын байраар хангах боломжтойг “Монгол машин байгууламж” компанийн Үйлдвэрийн дарга М.Гэрэлчулуун хэллээ. Мөн олон улсын жишиг үнээс 20-30 хувиар хямдаар үйлдвэрлэж буй бөгөөд Засгийн газраас татварын бодлогоор дэмжвэл үүнээс ч бага өртөг зарцуулах боломжтойг уламжилсан. Импортын дизель хөдөлгүүрт автобуснуудын ашиглах хугацаа 12 жил байдаг бол цахилгаан автобус доод тал нь 20 жил явах чадалтай аж.