
Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч томоохон аж ахуйн нэгжүүдийн нэг “Магнай трейд” компанийн захирал Р.Ганзоригийг хүүгийнх нь хамт энэ сарын 8-ны 19.00 цагийн үед ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн саатуулжээ. Сүүлийн өдрүүдэд шатахуун импортлогчид үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэнтэй холбогдуулж Р.Ганзоригийг цагдан хорьсон хэмээн цахим мэдээллийн зарим хэрэгсэлд бичиж байгаа юм.
Харин дээрх албаны болон прокурорын байгууллагын эх сурвалжууд “Үнэ нэмсэнтэй холбогдуулж цагдан хориогүй. Хүүгийнх нь хамт саатуулсан нь үнэн” гэхээс өөр мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхэн ч “Магнай трейд” компанийн захирал Р.Ганзориг гэх хүнийг цагдан хорьж шалгуулах хүсэлт манайд ирээгүй. Гэхдээ хойшлуулшгүйгээр 48 цаг баривчилсан гэдгээ мэдэгдсэн” гэсэн юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн холбогдогчийг хойшлуулшгүйгээр баривчилсан тохиолдолд 24 цагийн дотор ар гэрт нь мэдэгдэх, 48 цагийн дотор үргэлжлүүлж хорих, эсэх хүсэлтээ шүүхэд гаргаж шийдвэрлүүлэхээр заасан байдаг.
Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр “Магнай трейд” компанийн захирал Р.Ганзориг, түүний хүүг “Жаст групп”- ийн Ш.Батхүү нарын хэрэгт холбогдуулж саатуулсан аж. Тус компани таван жилийн өмнө төрийн нэлээд өндөр албан тушаалтны шахалт, тусламжтайгаар “Жаст групп”-ийн шатахуун түгээх зарим станцыг худалдан авсан бөгөөд энэ нь санхүүгийн томоохон гэмт хэрэг өдүүлсэн үйлдэл байж болзошгүй учраас ийнхүү шалгаж эхэлжээ.
Г.Равжаа