
Персийн булангийн нефтиэр баян хаант улсууд, тэр дундаа Катар иргэдээ зүдгүүргүй амьдрах нөхцөлөөр хангаж, 40 насандаа тэтгэвэрт гарахыг зөвшөөрч, 60-аас дээш насанд улсын салбарт ажиллахыг эрс хориглодог. Гэхдээ ажил эрхэлдэг хүмүүс тэтгэврийн санд бага хэмжээний шимтгэл төлдөг учир энэ нь алдагдалтай, төрөөс нөхөн төлбөр хийдэг. Иргэд нь 100 мянган ам.долларын тэтгэврийг чамладаг гэнэ.
Катарын тэтгэврийн байгууллагын мэдээлснээр, сэтгэл дундуур хүмүүсийн олонх нь албан тушаал ахиж, мөнгө олохын оронд “Тэтгэвэрт эрт гаргасан, орлого бага” хэмээн гомдоллодог гэнэ. Сүүлийн үед олон хүн тэтгэвэрт гарах насыг нэмэхийг хүсэж байгаа ч Европын орнуудаас ялгаатай нь төрийн байгууллагад ажиллах ямар ч боломжгүй.
“Персийн булангийн бүх орны тэтгэврийн систем төстэй. Тэтгэврийн сан руу даатгалаас мөнгө шилжүүлдэг. Гэхдээ энэ мөнгөний хэмжээ зургаан улсад адилгүй” гэж Катарын Тэтгэвэр, нийгмийн халамжийн ерөнхий газрын Төлөвлөлтийн газрын захирал Моза Мухаммед ас-Слейти ярьжээ.
Катарт хамгийн багадаа үндсэн цалингаас таван хувийн шимтгэл төлж, ажил олгогч 10 хувийг өгч, дээр нь нийгмийн нэмэгдэл ордог. Хөрш Саудын Арабт тэтгэврийн санд хувийн болон төрийн байгууллагын ажилтнууд үндсэн цалингийнхаа есөн хувийг тэтгэврийн санд шилжүүлдэг. Ажил олгогч нь мөн есөн хувь төлдөг гэнэ. Катарт тэтгэвэрт гарахад тухайн хүн төрийн албанд ажиллаж байсан бол сүүлийн нэг жилийн цалинг, хувийн компанийх бол сүүлийн таван жилийн дунджаар бодон олгодог байна. Гэхдээ тэтгэврийн хэмжээ цалингийнхаас хэтрэх ёсгүй.
Байгалийн хийн асар их нөөцтэй, дэлхий даяар хөрөнгө оруулсан, уугуул оршин суугчид нь нэг сая хүрэхгүй жижиг Катар Арабын бүс нутагт төдийгүй олон улсын хэмжээнд баян Катарт олгодог цалин дэлхийд хамгийн өндөрт тооцогддог. Ажил эрхэлдэг оршин суугчид нь нийт ажилтны ес орчим хувийг эзэлдэг. Эрхэлсэн ажилгүй хүн бараг байхгүй.
Катарын төрийн албан хаагчдын цалингийн 16 шатлалаас хамгийн бага үндсэн нь 4.12-5.6 мянган катар риал (1.15-1.53 мянган ам.доллар). Үүн дээр эхнэр, хүүхэдтэй хүнд 800 орчим ам.долларын нийгмийн нэмэгдэл, ганц бие бол 440 ам.доллар нэмэгдэнэ. Мөн нөхрөөсөө өндөр цалинтай, эсвэл гэрлэлтээ цуцлуулаад, хүүхдээ асран хамгаалдаг эмэгтэйд 800 ам.долларын нэмэгдэл өгдөг гэнэ. 16 шатлалын хамгийн бага ангилалд бичиг үсэг хангалттай тайлагдаагүй хүмүүс багтана. Үндсэн цалингаас гадна нийгмийн нэмэгдэл нь тэтгэврийн санд шимтгэл авдаг.
Катарын дундаж үндсэн цалинд буюу төрийн албан хаагчдын наймдугаар ангилалд хамаардаг, дээд боловсролтой ч, өндөр албан тушаал ханшдаггүй хүмүүс 4-5 мянган ам.долларын цалин авдаг. Үүн дээр нэмээд эхнэртэй эрэгтэйчүүд 1100, гэрлээгүй хүмүүс 800 ам.долларын нэмэгдэлтэй.
Ас-Слейтигийн ярьснаар, Персийн булангийн орнуудад бүтэн цалинд үндсэн болон нийгмийн бонусаас гадна орон сууц, тээвэр, холбоо, ажлын онцгой нөхцөлийн нөхөн төлбөр гээд олон нэмэгдэл багтдаг. Эдгээр нь үндсэн цалинтай тэнцээд зогсохгүй илүү ч гардаг гэнэ. “Катар, Саудын Араб, Бахрейнд шимтгэлийг зөвхөн үндсэн цалингаас авдаг учир тэтгэвэрт гарсан хүн орлогынхоо 35-40 хувийг, бусад улсад түүнээс ч ихийг алддаг” гэж Тэтгэврийн газрын төлөөлөгч хэлжээ.
ТЭТГЭВРИЙН ХЯЗГААР
Катарт тэтгэврийн дээд болон доод хязгаар гэж байдаггүй. “Манайд бараг 110 мянган ам.долларын тэтгэвэр авдаг хүн бий” гэж ас-Слейти ярилаа. Харин Кувейт, Бахрейн, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-д хязгаар тогтоосон байдаг. АНЭУ-д тэтгэвэр нь сайдынх 82 мянга, Саудын Арабт 16 мянган ам.доллароос хэтрэх ёсгүй гэнэ. АНЭУ-ын хувийн компаниуд тэтгэврийн дээд хэмжээг 14 мянга, доод тал нь 1500 ам.доллар байхаар тооцдог.
40 нас хүрсэн, 15 жил ажилласан хүн Катарт тэтгэвэрт гарах эрхтэй. Хэрэв үүнээс эрт гарвал нэг удаагийн төлбөр хэлбэрээр тэтгэврийн санд өгсөн бүх мөнгөө авдаг гэнэ.
ТАВАН ҮЕД ЗОРИУЛСАН “ТЭТГЭМЖ”
Арабын хаант бүх улсад тэтгэвэр авдаг иргэн нь нас барсны дараа ч олгодог хуулийн заалттай. Мөнгийг эцэг, эх, эхнэр, эсвэл нөхөр, хүүхэд, ач, гуч нь авдаг. Тухайлбал, нас барсан хүний эхнэр, хүүхэд нь үлдсэн бол тэтгэврийнх нь 75 хувийг авч болно. Хэд хэдэн эхнэртэй байсан бол тэтгэврийг нь хувь тэнцүү хувааж авна. Хөвгүүд нь 21 нас, охид нь нөхөрт гарч, эсвэл ажилтай болох хүртлээ талийгаач эцэг, эхийнхээ тэтгэврийг авдаг.
Талийгаачаас насанд хүрээгүй хүүхэд болон эхнэр үлдсэн бол тэтгэврийнх нь талыг эхнэр, үлдсэнийг хүүхдүүдэд нь хуваана. Хэрэв бэлэвсэн хэд хэдэн эхнэр, хүүхэд, эцэг, эх үлдсэн бол хүүхдүүд тэтгэврийн тал, эхнэрүүдэд гуравны нэг, эцэг, эхэд зургааны нэгийг олгодог байна.
Тэтгэвэр авагч катар эмэгтэйн мөнгийг эцэг, эх эсвэл үр хүүхэд нь хэрэглэдэг. Гадаад эцэгтэй хүүхдүүд Катарын харьяатад тооцогддоггүй учир эх нь нас барсны дараа тэтгэврийг нь авах эрх үүсдэггүй. Харин катар нөхөртэй гадаад эхнэр тэтгэвэр авах эрх эдэлдэг гэнэ.
Таван үеийг хамардаг ийм системийг Францаас Египет, тэндээс Арабын орнуудад нэвтэрсэн аж. Даатгалын шимтгэл авдаг ч Катарын тэтгэврийн сан таван үед хамаардаг зардлын улмаас алдагдалтай тооцогддог байна.
ЧӨЛӨӨНД ГАРСАН ЦЭРГҮҮД НЬ СЭТГЭЛ ХАНГАЛУУН
Ас-Слейтигийн ярьснаар, цэргээс тэтгэвэрт гарсан хүмүүст Цэргийн албаны тухай хууль үйлчилдэг. Цэргийн албыг эрэгтэй нь 60, эмэгтэй нь 50 хүртлээ хаана. 15 жил алба хаасан хүн цалингийнхаа 75 хувь, 20 жил бол хамгийн сүүлд авч байсан цалинтайгаа тэнцэх хэмжээний тэтгэвэр тогтоолгоно.
Дэслэгч цолтой Абу Мухаммед сэтгэл хангалуун аж төрж буй. 25 жил алба хаасан тэрбээр 4000 ам.долларын тэтгэвэр авдаг. “Надад гомдоллох юм байхгүй. Хүүхдүүд өсөж, том болоод ажилтай болсон. Тэд үнэ төлбөргүй сурсан. Эмнэлэгт үнэгүй үйлчлүүлдэг. Улсаас орон сууц үнэгүй өгснийг аваагүй. Би өөрийнмөнгөөр байшин барьсан. Ус, цахилгааны мөнгө төлдөггүй. Өндөр настнуудын байгууллага биднийг ресторан, амралт сувиллын газарт урьдаг. Дутагдаж, гачигдах юм алга. Хүсвэл хил давж, амарч болно. Саяхан би Тайланд явж, Бейрут, Каир дахь найз нөхдөө эргэсэн” хэмээн ярьжээ.
АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙГААГҮЙ ХҮНИЙГ Ч ХАРЖ ҮЗДЭГ
Дотооддоо төдийгүй хилийн чанадад ч үнэ төлбөргүй боловсрол эзэмшүүлдэг, ус, цахилгаандаа мөнгө төлөхгүй байх эрхийг Катарын иргэд ялгаваргүй эдэлдэг гэнэ. Үүний сацуу цагаан будаа, сүү, дээд зэргийн элсэн чихрийг бэлгэдлийн үнээр улсын дэлгүүрээс авах эрхийн бичгийг өрх бүрт олгодог. Тус улсын Засгийн газар эрхэлсэн ажилгүй байгаа болон байсан ялангуяа эмэгтэйчүүдэд анхаарал тавьдаг.
Тэд ихэвчлэн гэр орондоо санаа тавьж, хүүхдээ хүмүүжүүлж байсан, эсвэл бэлэвсэрсэн, салсан болон нөхөрт гараагүй, хувийн хадгаламжгүй, хөрөнгө оруулалт хийгээгүй, мөн өмчөө түрээслүүлж байгаа хүмүүс байдаг гэж ас-Слейти тодрууллаа. Ийм хүмүүс ажилтай болж чадаагүй бол Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу улсаас дэмжлэг авдаг.
Жишээлбэл, нөхрийн дэмжлэггүй болсон бэлэвсэн, эсвэл салсан эмэгтэйд сард 1600 гаруй ам.долларын тэтгэмж өгдөг. Тэд 60-аас дээш настай бол тэтгэмжийн хэмжээ нь 500 доллароор нэмэгддэг. 21 хүртлэх насны хүү, нөхөрт гараагүй охин бүрийнх нь тоогоор 250 ам.доллар өгнө.
ӨНДӨР НАСТНУУДЫН ИДЭВХТЭЙ АМЬДРАЛ
Катарын буяны “Qatar foundation” сангийн салбаруудын нэг болох өндөр настны улсын “Аль-Ихсан” байгууллага тэтгэвэрт гарсан хүмүүсийн амьдралыг дээд зэргээр хөнгөвчилдөг. “Бид өндөр настнуудад боломжийн бүх тусламж үзүүлж, чөлөөт цаг, нийгмийн амьдралыг нь уйдахааргүй зохион байгуулж, сонирхлоор нь сургалт, клубэд ажиллуулдаг.
Манай асрамжид катарчууд төдийгүй халамжлах хүнгүй болсон гадаадын иргэд ч бий” гэж “Аль-Ихсан”-ы мэргэжилтэн Рим Абдалла аль-Ансари ярилаа. Тухайлбал, өндөр настнууд музей үзэж, байгальд амарч, алдартай ресторанд зоог барьж, Катарын аялал жуулчлалын хамгийн үнэтэй цогцолборуудад амрахын тулд хөлөг онгоцоор аялдаг гэнэ.
Катар улсаас өөр асрах газаргүй болсон Бахрейны харьяат Сольха ад-Досери дөрвөн нөхрөө оршуулж, есөн хүүхэд нь нас дээр гарсан түүнийг асрахаас татгалзжээ. “Би эмнэлэгт туслах ажилтан байсан. Нэг нөхрийн есөн хүүхдийн зарим нь Бахрейнд аж төрдөг. Катарт ч бий. Тэд надад санаа тавьдаггүй. Катарын удирдлагад баярлалаа. Тэд надад шаардлагатай бүхнийг өгдөг. Өвчнийг эмчилж, Бахрейн явах зардал хүртэл гаргаж өгсөн” хэмээн Сольха ярьсан байна.
“ҮХТЛЭЭ АЖИЛЛАНА”
Катарын тэтгэврийн болон нийгмийн халамжийн тогтолцоо их эрүүл гэж ас-Слейти хэллээ. Гэсэн ч улсынхаа тогтолцоог шүүмжлэх дуртай хүн олон бий гэнэ. “Хэрэв гудамжинд гараад асуувал “Буруу тогтолцоотой. 100 мянган ам.долларын тэтгэвэр авдаг хэрнээ багыг авч байна” гэж шүүмжлэх нь ч байна. “Тэдний олонх нь их албан тушаал хашиж, их цалин авах боломж олголгүй тэтгэвэрт гаргасан, амьжиргааны өртөг өндөр болсон гэдэг” хэмээн тэрбээр өгүүлэв.
Сүүлийн үед Катарын иргэд ажилд ухамсартай хандаж, 65 хүртлээ ажиллах сонирхолтой байгааг судалгааны дүн харуулжээ. Энэ нас хүртэл эрч хүчтэй, хөдөлмөрлөх чадвартай байх учир гэртээ суулгүй, ажил хийхийг хүсдэг гэнэ.