
БНСУ-д олон удаа зорчих визийн журамд нэмэлт оруулах талаар өчигдөр тус улсын ЭСЯ-ны Консулын хэлтсээс мэдээллээ. Өдгөө мөрдөж буй журмаар бол БНСУ-д зорчиж байсан иргэн, төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж, тус улс руу тогтмол нислэг үйлддэг агаарын тээврийн компанийн хэлтсийн даргаас дээш албан тушаалтанд олон удаагийн виз олгодог.
Мөн БНСУ-тай хамтран байгалийн баялаг олборлох, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах зорилгоор аж ахуйн нэгж байгуулах, тус улсын төрийн болон хувийн байгууллагын урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах зорилгоор зорчих иргэн, БНСУ-ын иргэншилтэй монгол иргэн болон солонгос хүнтэй гэр бүл болсон иргэний эцэг, эх, хүүхэд, олон улсад ашигладаг кредит карт эзэмшигчид олон удаагийн виз олгодог. Түүнчлэн БНСУ руу 10 удаа зорчсон, эсвэл сүүлийн хоёр жилд дөрөв ба түүнээс дээш удаа зорчсон иргэнд нэг, гурав болон тавин жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгох журам үйлчилж байна.
Харин шинэчилсэн журамд дээрхээс гадна эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш, хэвлэл мэдээллийн байгууллагад нэгээс дээш жил ажиллаж буй сэтгүүлч, найруулагч, редактор, жилд 500 сая төгрөгөөс дээш татвар төлдөг болон оны шилдэг 100 аж ахуйн нэгжийн хэлтсийн даргаас дээш албан тушаалтанд олон удаагийн виз олгох заалт нэмж байгаа аж.
Түүнчлэн БНСУ-д бакалавр, бусад оронд магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн, салбартаа амжилт гаргаж, гавьяа зүтгэлээ төрөөр үнэлүүлсэн урлаг, соёлын зүтгэлтэн, тамирчин, 500 сая төгрөгөөс дээш үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө эзэмшигчид олон удаагийн виз олгох нэмэлт оруулахаар төлөвлөжээ. Шинэ журмыг ойрын хугацаанд БНСУ-ын холбогдох байгууллагуудад танилцуулан зөвшөөрөл авч, хэрэгжүүлэх талаар консул Кил Кан Соб хэлсэн.
Дашрамд дурдахад, БНСУ руу зорчих олон удаагийн виз авсан 37 мянган монгол иргэн бий аж. Харин тус улсаас Монголд зорчих олон удаагийн виз авсан 1000 иргэн байгаа гэсэн судалгааг ЭСЯ-наас гаргажээ.