Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийн дэргэдэх албадан эрүүлжүүлэх байрыг шалгажээ. Уг байр нь 1931 онд ашиглалтад орсон, 87 жил болж буй, хоёр давхар байрны суурийн давхарт байрладаг аж.
Зураг төслийн дагуу баригдаагүй, зориулалтын бус байртай, байгалийн гэрэлтүүлэг хангалтгүй, модон наартай, ажилчдын хувцас солих, амрах өрөө цугтаа, эмчийн болон камерын тус бүр нэг өрөөтэй аж. Өрөө тасалгаанууд агааржуулах системгүй, дээврээс нь дусаал гоожиж, мөөгөнцөртсөн, эрүүл ахуй, ариун цэврийн наад захын шаардлага хангахгүй болсон нь ажиллагсад болон хоригдогсдын эрүүл мэндэд муугаар нөлөөлж буйгаас гадна хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэжээ.
Тодруулбал, тус эрүүлжүүлэх байр нь ашиглалтын болон эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон учир цагдаагийн байгууллагад ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан байна. Ийм дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас өмнө нь хэд хэдэн удаа гаргаж байжээ.