
Налайх дүүргийн V хороо, “Скай трейдс” нисэх онгоцны буудлын эсрэг талд зам, тээврийн ноцтой осол гарч, зургаан хүн нас баржээ. “Автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна” гэх дуудлага уржигдар 05.56 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсний дагуу Аврах, гал унтраах 28 дугаар ангийн алба хаагчид газар дээр нь очсон байна.
Иргэн Д-гийн эзэмшлийн “Дэйвүү” маркийн ачааны автомашины араас Хэнтий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 13 зорчигчтой “Грэйс” маркийн бага оврын автобус мөргөсний улмаас 25, 60, 61 настай эмэгтэй, 53 настай эрэгтэй, ой нэг болон таван сартай хоёр хүүхэд нас баржээ.
Тус аймгийн Баян-Адарга сумын харьяат нэр, нас нь тодорхойгүй долоон иргэнд анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Мөн тэр өдөр Дархан-Уул аймгийн замд “Портер” болон “Эстима” маркийн автомашин мөргөлдөж, зургаан хүн гэмтсэнийг онцгой байдлын алба хаагчид аварчээ.