
Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн захирамж гаргаж, “Петрочайна дачин Тамсаг” компанийн 19, 21 дүгээр талбайгаас газрын тос тээвэрлэх үйл ажиллагааг зогсоох болжээ. Тухайлбал, 21 дүгээр талбайд ус ашиглах болон Дорнод аймгийн нутаг дахь Баянхошуу боомт хүртэлх тээврийн, 19 дүгээр талбайгаас тус аймгийн нутгаар дамжуулан Сүхбаатар аймаг дахь Бичигт боомт хүртэл газрын тос тээвэрлэх үйл ажиллагааг зогсоох болсноо тус компанийнханд мэдэгдсэн аж.
Учир нь “Петрочайна дачин Тамсаг” компанийнхан нэг жилийн өмнө АМГТГ, Дорнод аймгийн удирдлагатай санамж бичиг байгуулахдаа хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор ийм арга хэмжээ авчээ. Тус компанийн эзэмшлийн 21 дүгээр талбайд өнгөрсөн онд мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийгээд зам барих чиглэлээ гаргасан боловч зураг төсөл боловсруулаагүй, барилгын ажлаа эхлүүлээгүй, газрын тос тээвэрлэж байгаа замын хөрс доройтож, бохирдсон, ургамлын бүрхэвч талхлагдсан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдсан зэрэг зөрчил, дутагдал буйг илрүүлсэн юм.
Газрын тосны 21 дүгээр талбайгаас Баянхошуу боомт хүртэлх 68 км замд олон салаа үүсэж, тэр нь 7-35 метр хүртэл өргөн болсон нь Байгаль орчны, Хөдөлгөөний аюулгүй байдлын, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх, Газрын, Авто замын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна. Мөн гүний усыг хэтрүүлэн ашигласан, байгаль орчны нөхөн сэргээлт хийгээгүй зэрэг зөрчил одоо хүртэл байгаа учраас тээвэрлэлтийг нь зогсоох болжээ.
Г.Равжаа