
АТГ-аас сар бүрийн 25-нд зохион байгуулдаг хэвлэлийн баг хурлынхаа үеэр олны анхаарал татсан зарим хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өглөө.
ИНЕГ-ЫНХАН АТГ-ЫН ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙНА
Гадаад улсад нарийн мэргэжлээр суралцуулж, хүний нөөцийг ИНЕГ өөрийн зардлаар бэлтгэдэг бөгөөд 2016 оны аравдугаар сарын 1-ний байдлаар 30 мэргэжлээр 13 улсад 107 оюутан суралцаж, 25 оюутан төгссөн байна.
Гадаадад гэрээгээр сурч байгаа оюутнуудын сургалтын төлбөрт 2013 онд 2.7 тэрбум, 2014 онд 2.74 тэрбум, 2015 онд 3.4 тэрбум, 2016 онд 838 сая төгрөг зарцуулсан бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 9.8 тэрбумыг гаргасан байна.
ИНЕГ-ын тэтгэлгээр 2015-2017 онд 93 оюутан гадаадад суралцаж ирснээс 39 нь ажилд ороогүй, үргэлжлүүлэн суралцаж байгаа бол 2017 онд 13 оюутан төгсөж ирснээс 12 нь ажилд орж чадаагүй байна.
Мөн 2017 оны гуравдугаар сарын 31- ний байдлаар 74 оюутан гадаад улсад суралцаж байгаагаас С.Манлай, Ж.Өлзийхишиг, Д.Лхагважав, Л.Хонгорзул, Б.Номундалай, Б.Ундрал, Ч.Сэржмаа, Э.Энхмөнх, Л.Болд-Эрдэнэ нарын есөн хүн нисэхээс өөр мэргэжлээр буюу Бизнесийн удирдлага, улс төр, гадаад харилцаа, нягтлан бодох бүртгэл зэрэг мэргэжил эзэмшиж байгаа нь Авлигын эсрэг хуулийн 7.1.3 “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.4 “Төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэж заасныг зөрчсөн гэнэ.
ИНЕГ-ын тэтгэлгээр гадаад улсын их, дээд сургуулиудад оюутан суралцуулах журмыг хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн боловсруулах, хүний нөөц бүрдүүлэх шаардлагыг бодитоор төлөвлөх, сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулж, олон нийтийг танилцах боломжоор хангах зөвлөмж өмнөх жил нь АТГ-аас өгсөн ч хэрэгжихгүй байгаа гэнэ.
Сонгон шалгаруулалтыг нээлттэй бус байдлаар зохион байгуулж, олон нийтийг танилцах боломжоор хангаагүй бөгөөд олонх оюутны эцэг, эх нь Зам, тээврийн яам, ИНЕГ, МИАТ компани, “Улаанбаатар төмөр зам”-д ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүс аж.
Тухайлбал, Зам, тээврийн яамны дэд сайдаар ажиллаж байсан Х.Ержаны хүүхэд нь АНУ-ын Канзасын их сургуульд агаарын зайн инженер мэргэжлээр, ИНЕГ-ын Техник хангалт, навигацын үйлчилгээний албаны дарга Б.Цогоогийн хүүхэд нь ОХУ-ын Сибирийн нисэхийн академид агаарын хөлгийн техникийн ашиглалт мэргэжлээр, “УБТЗ” ХНН-т орлогч даргаар ажиллаж байсан Ч.Эрдэнэдалайгийн хүүхэд нь Австралийн Свинборны технологийн их сургуульд нисэхийн менежментийн чиглэлээр суралцахаар сургалтын төлбөрөө төлүүлсэн байна.
Ц.НЯМДОРЖ САЙДТАЙ ХОЛБООТОЙ ГОМДЛЫГ ДАХИН ШАЛГАНА
Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн үл хөдлөх 17 хөрөнгийг шалгуулах хүсэлт гаргасныг АТГ-ынхан хүлээн авч дурдсан хөрөнгө нэг бүрийг шалгасан гэнэ.
Улмаар үндэслэлгүй хөрөнгөжсөн, албан тушаалаа урвуулан ашигласан гэх байдал тогтоогдоогүй гэж үзэн хэргийг хаах саналаа прокурорт шилжүүлсэн аж. Харин прокурор зарим зүйлийг тодруулах шаардлагатай хэмээн дахин шалгуулахаар болжээ.
Оюутолгойн бүтээн байгуулалтын гэрээтэй холбоотой хэрэгт Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийг шалгаж буй. Уг хэрэгт олон төрлийн шинжилгээ хийх бөгөөд дүгнэлт хараахан гараагүй аж.
Тэгвэл “60 тэрбум”-ын гэх хэргийг прокурорын байгууллага хаах шийдвэр гаргасан ч ТЕГ-аас үндэслэл бүхий баримтыг сэргээн шалгах шаардлагатай гэж үзсэн байна. Үүнийг нь үндэслэн хэргийг сэргээсэн бөгөөд тагнуулын байгууллага голлон шалгаж, цагдаа, АТГ-ынхан өөрсдийн чиг үүргийн дагуу дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.
Г.Равжаа