
Түүх, соёлын үнэт өв болсон Чойжин лам сүм музейн хамгаалалтын бүс дэх зөвшөөрөлгүй 3600 ам метр газрыг чөлөөлж, 270 ам метр талбай бүхий хоёр давхар барилгыг албадан нураах захирамж нийслэлийн Засаг дарга С.Батболд өчигдөр гаргалаа.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт, Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд зохих зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулахыг нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуунд, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлж хэв журмыг сахиулах ажлыг нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж нарт даалгажээ.
Түүх, соёлын эл томоохон дурсгалын хамгаалалтын бүсэд хоёр давхар улаан тоосгон байшин барьж, музейн эзэмшлийн газраас нь хууль бусаар авсныг гурван шатны шүүхээс тогтоож, барилгыг буулгаж, газрыг нь чөлөөлөх шийдвэр гаргасан ч хэрэгжүүлэлгүй өдий хүрчээ.