
“ДЦС-4” төрийн өмчит хувьцаат компанийн захирал С.Анхбаяр, тус компанийн Худалдан авах ажиллагааны хэлтэст ажиллаж байгаад Зуухан цехэд судалгааны инженерээр ажиллаж байсан Л.Дэмбэрэлням нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уржигдар хэлэлцлээ. С.Анхбаярыг бусдаас хээл хахууль авсан гэсэн үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн гуравдугаар сарын 9-нөөс эхлэн цагдан хорьж шалгасан.
Энэ хоёр хүнийг “ДЦС-4” компанид тэрбум гаруй төгрөгийн үнэтэй зуухны тоноглол хамтарч нийлүүлэхдээ 100 сая төгрөгийн хахууль өгч, авалцсан хэмээн буруутгасан юм. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхээс С.Анхбаярыг Эрүүгийн хуулийн 22.4.2-т заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль авсан” гэм буруутайд тооцов.
Улмаар төрийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, хоёр жил хорих ял оноожээ. Харин хахууль өгсөн хэрэгт холбогдсон Л.Дэмбэрэлнямыг дээрх хуулийн 22.5.1 дэх хэсгийн “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор эд зүйл өгсөн” гэм буруутай гэж үзэн, төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар хорихоор болов.
Г.Равжаа