
Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид таван настай хүүгийн амийг нь аварсан тухай хэвлэлээр мэдээлсэн. Энэ сарын 14-ний 20.47 цагт “Баянзүрх ууланд хүүхэд төөрчихлөө” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу тус хэлтсийн алба хаагчид түргэн авч уулын бэлд цугларан, Аврах тусгай ангийн зургаан алба хаагч, нэмэлт дуудлагаар нийслэлийн ОБГ-ын 54, Цагдаагийн газрын таван алба хаагч, цагдаагийн 75, ар гэрийнх нь тав, нийт 145 хүн, 15 техник, нэг эрэлч нохойтойгоор эрлийн ажиллагааг эхэлсэн байна. Шөнө, хад асгатай ууланд алба хаагчид хүүгийн нэрээр дуудан, гар чийдэн, гар утасны гэрлээ тусган хайжээ.

Дөрвөн цаг орчмын дараа эрлийн нэг бүлэг болох Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Наранбаатар, эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Мөнхбаатар, хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Мягмар нар хавцал руу унахдаа модонд тээглэж тогтсон хүүг олсон байна. Цагдаагийн ажилтнуудтай уулзаж, эрлийн ажиллагааны талаар тодрууллаа.
Дэд ахлагч Б.Мягмар “Баянзүрх дүүргийн ХI хороо, “Ургах наран” хорооллын ойролцоох ууланд тоглож явсан 5-8 насны дөрвөн хүүхдийн нэг Батсүхийн Тамир хавцлаас унасан байна. Хүүхдүүд “Бид нарын тоглосон газарт хоёр мод байсан” гэж хэлсэн. Ярьсных нь дагуу тэр модыг хайж олоод явж байтал эгц хадтай жалганд тулсан. Тэгээд хавцлаар буух зам хайж, уулнаас буугаад гол даган самнаж жалгын мухар хүртэл явлаа. Энд л байх магадлалтай, амьд олох юм шүү гэсэн итгэлээр хайсан” гэв.
Түүнтэй хамт явсан дэслэгч Э.Мөнхбаатар “Тэр мод байгаагүй бол хүү амьд үлдэх бараг боломжгүй байсан. Анх олоход нас барчихсан гэлтэй харагдсан. Биед нь хүртэл чичирчихсэн, их зовиуртай сул дуугарсан” хэмээлээ.
Мөн ахлах дэслэгч Д.Наранбаатар “Тэр үед бид хүүг амьд байсанд маш их баярласан. Ус уух хувьтай тэр хүүг тэвэр ч таван километр явсан. Баянзүрхийн товчоон дээр түргэн тусламж дуудчихсан байсан. Замдаа онцгойгийн машинтай таараад эмнэлэгт хүргэсэн” гэлээ.
10 гаруй градусын хүйтэнд, хад асга, гуу жалга самнан, эвгүй гишгэвэл өөрсдөө ч амь насаа алдах эрсдэлтэй газар явсан тэд хүүг олоод маш их баярласан гэдгээ бидэнд ярьсан юм.
Б.Мөнхсайхан