
Япон эмэгтэйчүүд хөл хүнд болмогцоо л ийм шошго зүүдэг. Учир нь тус улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам нь хөл хүнд болсон эмэгтэйчүүдээ хүндэлж, оршин суугаа засаг, захиргаанаас нь “Гэдсэнд хүүхэд байна” гэсэн утга бүхий тэмдэг өгдөг аж. Үүнийгээ тэд цүнх, түлхүүрийн оосор зэрэгтээ байнга зүүж явна.

Автобус, хурдны галт тэрэг, үзвэр үйлчилгээ, дэлгүүр гээд хаана ч явсан жирэмсэн эмэгтэйчүүдэд иргэд суудал тавьж өгөн, олон нийтийн газар биеийг нь хүртэл асууж, санаа тавьдаг байна. Японд ажиллаж, амьдарч буй А.Эрдэнэтуяа “Энэ тэмдэг надад маш их нэмэр болсон. Ялангуяа жирэмсний эхний саруудад хордлоготой, гэдэс томроогүй байхад ч олон нийтийн газар хүмүүс суудал тавьж өгөх, надтай хэт ойр зогсохгүй байх зэргээр халамжилдаг.
Хэдэн жилийн өмнө Монголд оюутан байхад автобусанд зогсоогоороо, хүнд юм өргөж яваа “жирмээхэй” нартай олон таардаг байсан. Тэгвэл бид ч гэсэн яагаад ийм тэмдэгтэй болж болохгүй гэж. Хүмүүс түүнийг нь хараад ээж, эхнэр, дүү шигээ бодож, багахан санаа тавихад л эмэгтэйчүүд баярлана. Хандлагыг өөрчлөх амархан шүү дээ” хэмээв.