
Дорнын эдийн засгийн форумд оролцож буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Приморын хязгаарын амбан захирагч Андрей Тарасенкотой уулзаж, Монгол улс тус хязгаартай хамтран ажиллах сонирхолтой байгааг уламжилжээ. Түүнчлэн хоёр талын харилцааг илүү хурдтай, өргөн хүрээнд хөгжүүлэхийн тулд Худалдааны төлөөлөгчийн газраа Приморт байгуулах хүсэлтээ илэрхийлсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодыг хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутневийг Монголд айлчлах үеэр худалдааны эргэлтийг 10 дахин нэмэгдүүлэх тухай ойлголцолд хоёр тал хүрсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Дорнын эдийн засгийн форумын үеэр уулзахдаа энэ тал дээр мөн тохиролцжээ.