
Улаанбаатар хотод агаарын чанар тодорхойлох суурин 11 станц, аймгийн төв бүрт нэг харуул бий ч хүчин чадал нь хангалтгүй, бохирдол хэр их байгааг баттай мэдээлдэггүй гэх шүүмжлэл бий. Тиймээс агаарын чанарыг нарийн тодорхойлох 50 төхөөрөмж суурилуулах болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Чехийн “Пипл ин нийд” төрийн бус байгууллага, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Гэр хорооллыг дахин зурагжуулах төвийнхөн хамтран хэрэгжүүлж байгаа, Европын Холбооноос 314 500 еврогоор санхүүжүүлж буй “Амьсгалах эрх” төслийн хүрээнд уг ажлыг санаачилсан. Бохирдол хэмжигч 50 төхөөрөмжийг уг нь утааны улирлаас өмнө ашиглаж эхлэхээр төлөвлөжээ.
Гэтэл төхөөрөмжүүд гааль дээр гацсанаас суурилуулах хугацаа нь хойшилсон байна. “Гаалийн татварт 10 сая гаруй төгрөг төлөх болсон. Буцалтгүй тусламжаар оруулж ирж байгаа, дэвшилт технологийн багаж тул татвараас чөлөөлж, эсвэл хөнгөлж өгөөч гэсэн хүсэлтээ бид холбогдох байгууллагуудад уламжилсан” гэж төслийн нэгжийнхэн мэдээлсэн юм.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот төдийгүй аймгийн төвүүдэд агаарын бохирдол эрс ихэссэн. Тиймээс орон нутгийн нөхцөл байдлыг ч иргэдэд мэдээлэхийн тулд 50 төхөөрөмжийн дөрвийг Архангайд, мөн Дархан-Уул, Өвөрхангай аймагт тус бүр хоёрыг, бусдыг нь Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутагт байрлуулахаар төлөвлөжээ.
Тэдгээр нь одоогийн харуулуудыг бодвол овор багатай, авсаархан, ашиглахад хялбар аж. Түүнчлэн Монголд агаарын бохирдол ямар байгааг дэлхийн орчны бохирдлын мэдээллийн систем болох “Airvisual”-ээр дамжуулан олон улсад түгээх юм байна.
М.Оч