
Беларусь улсын хилийн цэргийн алба хаагчид улсын хил зөрчих гэж байсан гадаадын иргэдийг энэ сарын 24-нд саатуулжээ. Брестийн районы газар нутгаар дамжин Польш руу нэвтрэх үүднээс тосгон суурингуудыг тойрон хилийн зурвас өөд явж байхад нь тэднийг “Теребунь”-ийн заставын хилчид илрүүлсэн байна.
Хууль зөрчигчид гэр бүлийн хоёр байх бөгөөд Монгол улсын иргэд ажээ. Тэр дундаа нөхөр нь Монгол улсын төрийн албан хаагч гэнэ. Түүний үйлдсэн гэмт үйлдэл нь Монголын хууль хяналтынхны анхааралд өртсөн тул эхнэрээ дагуулан хил даван зугтахаар шийдснээ монгол залуу өгүүлжээ.
Түүний зорилго нь Беларусь, Польшоор дамжин Европын холбооны улсуудад нэвтэрч, Германд амьдарч буй хамаатнууд дээрээ очих байсан гэнэ. Беларусийн “ОНТ” телевизийн мэдээлснээр, Монгол улсын иргэн эхнэр, нөхөр хоёр энэхүү холын аянд Улаанбаатар хотоос гарсан бөгөөд Монголын тал, Оросын уудам нутгийг төвөггүй туулж, Беларусийн их ойг саадгүй туучсаар Польшийн хилд дөхөж очжээ. Монголын иргэдийг Беларусь улсад нэвтрэх эрхийг нь таван жилээр хасч, Монгол улсад шилжүүлнэ хэмээн тус телевизийн вэб сайт дамжууллаа.