
Dorgio.mn сайтын сэтгүүлч А.Баярмаа Стандарт хэмжил зүйн газарт өрнөж буй шударга бус үйлдлүүд болон гэмт хэрэг байж болзошгүй үйлдлүүдийн талаар мэдээлэл хийж байна. Стандарт хэмжил зүйн газрын найман удаагийн хууль бус үйлдлийнх нь талаар хэвлэн нийтэлснийх нь төлөө цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Мөн Хэвлэл мэдээллийн зөвлөлд ёсзүйн зөрчил гаргасан гэсэн гомдлыг өгсөн бөгөөд ёсзүйн алдаа гаргаагүй хэмээн дүгнэсэн гэдгийг А.Баярмаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм. Тэрээр цуврал нийтлэлээрээ дараах таван баримтыг дэлгэжээ.
Стандарт хэмжил зүйн газрын хууль бус 5 үйлдэл:
- СХЗГ-ын дарга албаны машинаар баяр наадмаар буюу бүх нийтийн амралтын өдрүүдээр эхнэрээ дагуулж зугаалсан яваад осолдуулсан. Ингээд машиныг засахгүйгээр жолоочийнхоо хашаанд байлгаж байгаа.
- Төслийн мөнгөөр хэвлэсэн номоо худалдаж, орлого олсон байна. Ингэхдээ хуучин нэрээ ашиглан мөнгө олж байна гэдгийг тэрбээр хэллээ. Нийт 2 ном 600 ширхэг хэвлэгдсэн гэх боловч, албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар хэд хэдэн удаагийн хэвлэлт хийсэн гэдгийг хэлж байв. Тухайн хоёр номыг салгаж авах боломжгүй бөгөөд нийлээд 200 мянган төгрөгийн үнэтэй.
- Байхгүй байгууллагын тамгаар ном зарж, түүнийгээ Төрийн сангийн дансанд хийхгүй байна гэдгийг тэрбээр хэллээ.
- Стандарт, Хэмжил Зүйн газар нь 2016 оны сонгуулиас өмнө Стандартчилал, Хэмжил Зүйн Газар гэдэг нэртэй байж байгаад сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газрын бүтцэд Стандарт, Хэмжил Зүйн Газар болж өөрчлөгдсөн юм. Гэтэл 2017 онд зарсан номон дээрээ байгууллагын хуучин нэртэй санхүүгийн тамгаа дарж байгаа нь хууль бус үйлдэл гэдгийг тэд онцоллоо.
- Халуун, хүйтэн ус, цахилгааны тоолуур бүрт СХЗГ-аас баталгаажуулалтын гэрчилгээ олгодог. Баталгаажуулалтын гэрчилээ нь өөрөө үнэт цаас гэж явдаг. Гэтэл энэхүү гэрчилгээг болон түүнд дээр дардаг тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн.