
Улаанбаатар хотод өчигдөр цас орсноос халтиргаа гулгаа ихсэж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэн, тээврийн хэрэгслийн хурд саарав. Мөн зам, тээврийн ослын дуудлага нэмэгдсэнийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Өчигдөр 17.30 цагийн байдлаар тус албанд 241 дуудлага ирсний 204 нь зам, тээврийн осолтой холбоотой байжээ.
Халтиргаа гулгаатай үед тээврийн хэрэгсэл хоорондын зайг бариагүй, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцсон, хурдаа тохируулаагүйгээс машинууд мөргөлдсөн, шүргэлцсэн тохиолдол цөөнгүй гарчээ. Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт долоон машин мөргөлдсөн аж. Үүний улмаас хэн хэгний амь эрсдээгүй ч иргэд эд хөрөнгөөрөө хохирчээ.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат “Энэ сарын 24-25-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгаар цас орж, зам хаасан. Өнөөдөр (өчигдөр) өглөөнөөс нээлээ. Одоогоор Улаанбаатараас Төв аймгийн нутаг, “Урьхан” зоогийн газар хүртэлх зам халтиргаа гулгаатай байна. Зүүн аймгуудын нутгаар цас ороогүй ч хүчтэй шуурч, хүйтэрч буй.
Хүйтэрчихээд байхад мотоциклоор зорчиж, осолд өртөх тохиолдол гарсаар байна. Тодруулбал, Дорнод аймагт мотоциклоор зорчиж яваад осолд орж, амиа алдсан хэрэг гарлаа” гэсэн юм. Авто тээврийн үндэсний төвөөс авсан мэдээллээр өчигдөр Завхан аймаг дахь Солонготын даваа, Архангайн Загастайн даваа халтиргаа гулгаа ихтэй байв.
М.Оч