
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулга 11 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх билээ. Дүрмийн хэрэгжилтийг хангах, Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах чиглэлээр зарим замын уулзвар болон гол замтай нийлсэн гарцтай хэсэгт шар дөрвөлжин тэмдэглэгээг өнөөдрийн байдлаар Багшийн дээд болон Цэцэг төвийн уулзвар дээр хийгээд байна. Дараагийн удаад Цаг уур орчны шинжилгээний газрын уулзвар, Байгалийн түүхийн музейн уулзвар дээр хийхээр төлөвлөөд байгаа аж.
Ачаалал ихтэй уулзварууд дээр хийгээд буй шар зураас нь хөндлөн зам, уулзварууд дээр түгжрэл үүссэн үед ойртон ирсэн тээврийн хэрэгсэл саад болохоор байвал жолооч нарыг орохыг хориглосон хэсгийг тэмдэглэсэн тэмдэглэгээ юм.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат "Манай улсын жолооч нар уулзвар, хөндлөн замууд дээр түгжрэл үүссэн тохиолдолд хаана, яаж зогсохоо мэддэггүй тул энэ шар зураас нь хил хязгаарыг хэлж өгч байна гэсэн үг. Шар тэмдэглэгээ тавигдсан уулзвар бүрт зөрчил илрүүлэгч камер тавигдана. Ингэснээр тэмдэглэгээг нэвтэр
ч зогсссон жолоочид гэрийн хаягаар торгууль очдог болох аж. Жолоочийн явахыг зөвшөөрсөн ногоон гэрэл ассан ч уулзвар дээр түгжрэл үүссэн байдлыг анхаарч жолооч шар зураасыг давалгүйгээр наана нь түгжрэл арилтал хүлээх ёстой" гэлээ.
11 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөх Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрмийн 15.2 дахь хэсэгт “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч гэрлэн дохио асаж байгаа эсэхээс үл хамааран уулзвар руу орохыг хориглоно” гэсэн заалтыг оруулсан.