
Бостоны зартай мафийн толгойлогч 89 настай Жеймс Балжер Баруун Виржинийн шоронд өчигдөр өглөө гадны нөлөөтэйгээр нас барсан байдалтай олджээ. 2011 онд түүнийг 11 хүнийг алсан хэрэгт буруутган торны цаана суулгасан байна.
СМS агентлагийн мэдээлж буйгаар өвгөн гангстер хамт хоригдож байсан бусад хоригдлуудад зодуулж нас барсан бололтой. Тэрбээр Флорида мужийн шоронгоос Виржинийн шорон руу шилжиж ирсэн өдрөө л алуулсан байна. Балжерийн өмгөөлөгч ВВС-д өгсөн ярилцлагадаа “Холбооны шүүх намайг Жеймс Балжерийн өмгөөлөгчөөр томилсон нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Шүүх түүнд бүх насаар нь хорих ял оноосон авч шоронгуудын холбооны товчоо шүүхийн шийдвэрийг цаазын ялаар сольсон юм” гэжээ.
АНУ-ын шоронгуудын холбооны товчоо чухамхүү ямар шалтгаанаар Жеймс Балжерийг Виржинийн шорон руу шижүүлэв гэсэн асуултанд хариу өгөхөөс татгалзжээ.
Балжерийн нас барсан нөхцөл шалтгаан албан ёсоор гараагүй байна. Уг хэргийг ХМТ мэдэлдээ авсан аж. Жеймс Балжерын амьдралаар сэдэвлэн бүтээгдсэн хэд хэдэн кино хүртэл байдаг аж.
Жеймс Балжер 1929 онд Бостонд ирланд гэр бүлд төржээ. Тэрээр өсвөр насандаа л гэмт хэргийн бүлэгт орж автомашин хулгайлж, банк дээрэмддэг болсон байна. Өөрийн гэсэн гэмт ертөнцөө тэрбээр мөрийтэй тоглоом, рекэт, хар тамхины наймаан дээрээс босгожээ.
1956 онд түүнийг дээрмийн хэрэгт буруутган хорих ялаар шийтгэсэн байна. Тэрээр харгис хэрцгийгээрээ бусдаас ялгагдан өөрийн гараар хэд хэдэн хүнийг алсан байдаг. Балжерын ийнхүү хуулийнхны хараанаас гадуур дураараа авирлах болсон гол шатгаан нь ХМТ-ны нэгэн мөрдөгч түүнээс бусад гангстеруудын тухай мэдээлэл аван, түүний гэмт үйлдлүүдийг нь хараагүй мэт өнгөрөөдөг байсантай холбоотой аж.
Хамгийн сонирхолтой нь Жеймсын ах Уильям Балжер АНУ-ын Ардчилсан намын нэр төртэй улс төрч хүн байдаг. Тэрээр 1978 онд Массачусетс мужийн сенатыг толгойлж хожим нь Массачусетсын Их сургуулийн ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ. Уильям Балжер ахынхаа гэмт хэргийн амьдралын талаар юу ч мэддэгүй байсан бөгөөд хэрэв мэддэг байсан ч ахдаа хайртай дүүгийнх нь хувьд хуулийн байгууллагынханд хэлж чадахгүй байсан гэж ярьжээ.