
Францын гэрэл зурагчин Фредерик Лагранж бага балчираасаа Монгол оронд дурлажээ. Өвөө нь монголчуудын талаар гайхалтай түүхийг ярьж өгдөг байсан нь түүнд нөлөөлсөн ажээ. Лагранж дэлхийд нэртэй сэтгүүл, брэндүүд зориулан оддын зургийг авдаг тун завгүй ажилтай хэдий ч боломж гарсан тохиолдол бүрт Монголыг зорьдог байна. Ингэхдээ манай орны байгалийн сайхныг гэрэл зургийн дуранд буулгахын зэрэгцээ нутаг орны иргэдтэй ярьж хөөрөн монголчуудын ёс заншил, уламжлалыг судалдаг ажээ. Ингэсээр 17 жилийг ардаа орхижээ. Тэрбээр энэ хугацаанд монголчуудын тухай гэрэл зургуудаа дэлгэлгүй байсаар сая л олны хүртээл болгожээ. “Би 2001 онд анх Монголд очиж байлаа. Тэр үе бол Монгол дахь социализмын эрин үеийн төгсгөлийн он жилүүд байсан юм. Улсынх нь нийслэлийн зарим дүүрэг, хороод ямар их хоцрогдсон байсныг хараад би ихэд гайхаж байв. Харин хотоос гарч хэдхэн километр яваад л жинхэнэ гайхамшгийг мэдэрсэн дээ. Ёстой л үлгэрийг гэмээр орон” хэмээн Лагранж Монголд ирээд төрсөн анхны сэтгэгдлээ хуваалцаж байна.
