
100 айлын барилгын материалын зах орчим дахь зөвшөөрөлгүй үйлдвэрүүдийг нүүлгэх ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо.
Тус хуралдаанд ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга, нийслэлийн холбогдох албаны мэргэжилтнүүд болон худалдаачдын төлөөлөл оролцсон юм.
Худалдаа эрхлэгчдийн саналд ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга "Барилгын материалын үйлдвэрүүдийг нүүлгэж, худалдааны төв, дэлгүүрүүдийн орчныг сайжруулна гэсэн эцсийн шийдвэр гарсан. Иргэд 100 айлыг бүхлээр нь нүүлгэх гэж байгаа юм шиг буруу ойлголт аваад байна. Ер нь бол хуулиар зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа явуулах эрхгүй газруудыг л цэгцэлж байгаа" гэв.
Одоогоор Налайхын үйлдвэр технологийн паркт 14 үйлдвэр өргөдлөө өгөөд байгаа бөгөөд үйлдвэрүүдийн хувьд эрт очиж газраа авах тусмаа ашигтай байрлал сонгох боломж нь өргөн болж, давуу байдал үүсэх гэнэ.
Үүнд НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн нэмж тайлбар өгөхдөө "Захыг бүхлээр нь нүүлгэнэ гэж огт яриагүй гэдгийг иргэдэд зөвөөр ойлгуулах хэрэгтэй. Хүн амын эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдийг гаргах шаардлагыг мэргэжлийн хяналтын байгууллагаас тавьж байгаа. Суурьшлын бүсэд чулууны үйлдвэр, төмрөөр дээвэр хийдэг, хаалга цонхны үйлдвэр гэх мэт үйлдвэрлэл явуулахыг хориглосон стандартын дагуу бид ажиллаж байна" гэв