-“Улаанбаатар хот дахь
хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл (DPUB)-ийн зорилго
-
“Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийг бид “DPUB” гэж товчлон нэрлэдэг. Төслийн англи хэл дээрх нэрийг товчилсон толгой үсэгнүүд нь “DPUB” болохгүй ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цуглардаг PUB шиг төсөл байгаасай гэж бодсоны үндсэн дээр энэхүү нэрийг өгсөн юм.
Тэр утгаараа манай төслийн оффист хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөтэй орж гардаг. Хурал болон сургалтын үеэр чөлөөтэй орж гарахаас гадна зүгээр кофе ууж ярьж хөөрөөд гарах хүмүүс ч бас байдаг. Монголд цаашдаа энэ мэт чөлөөтэй нээлттэй орчин нийгмийн хаа сайгүй бий болоосой гэж бодож байна.
DPUB төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ямар нэг байдлаар халамж, үйлчилгээ, тусламж үзүүлдэггүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төдийгүй бүх хүний нийгмийн оролцоог хангах орчныг бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ нийгмийг хөгжүүлэх зорилго бүхий төсөл юм.
Хурдацтай хөгжиж байгаа Монгол орны хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэн төдийгүй бүх хүний оролцоо зайлшгүй хэрэгтэй. Хэн нэгэн иргэнийхээ эрх ашгийг орхигдуулсан хөгжил бол баян, ядуугийн ялгааг бий болгож, нийгмийн гажуудлыг үүсгэдэг.
Бүх хүнд ээлтэй нийгмийн үндсэн шинж чанар нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд хаана ч чөлөөтэй зорчиж, ямар ч мэдээллийг бусдын адил авч, аливаа нэгэн ялгаварлан гадуурхалтад өртөхгүй байх явдал юм.
Хэдийгээр ийм зүйл бодит байдал дээр тэр болгон амархан биелэлээ олохгүй, мөрөөдлийн юм шиг санагдавч, мөрөөдлийг бодит болгож, Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог алхам алхамаар сайжруулахын төлөө манай төсөл өдөр бүр хичээн ажиллаж байна.
“Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”
Жайка ОУХАБ-ын мэргэжилтэн, Ахлах зөвлөх Чиба Хисао