
“Ид шидийн орон” цогц төвийн 2 дахь шатны төслийг Лантуун Дохио ТББ эхлүүлжээ. “Ид шидийн орон 2” төв нь Улаанбаатар хотын зүүн зах буюу Улиастайн эцэст, 4,200 мкв талбайд хүүхэд хамгаалал хөгжлийн төв, спорт комплекс, тоглоомын талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, гараш болон түр байрлах байрнаас бүрдсэн цогц төв болох бөгөөд одоогийн Баянхошуунд баригдсан “Ид шидийн орон” төвөөс даруй 2 дахин том хэмжээтэй бүтээн байгуулалт болох юм.

Шинэ төслийг "Энержи Ресурс" дэмжиж нийт шаардлагатай санхүүжилтийн тэн хагасыг буюу 740 сая төгрөгийг хандивлажээ. Тус төвийн барилга бүтэцийн ажил 2019 оны 04 сараас эхлэх бөгөөд тэр хүртэл хугацаанд зураг төсөл, ажлын зураг, дэд бүтэц болон бусад бэлтгэл ажлууд хийгдэх юм.
Ид шидийн орон бүтсэн түүхийг сөхвөл 2017 оны зун ердөө 150 хоногийн дотор бүх дэлхийн Монголчууд нэгдэн хүүхэд хамгаалал хөгжлийн цогц төвийг босгосон. Тус төв нь өнөөдрийг хүртэл Сонгино хайрхан дүүргийн Баянхошуунд төр засгийн санхүүжилт, тусламжгүйгээр бүтэн жилийн хугацаанд амжилттай үйл ажиллагаа явуулан хүчирхийлэлд өртсөн 52 кейс хэргийг шийдвэрлэн, цэцэрлэгийн 2 бүлгийн 70 хүүхдийг үнэ төлбөргүй хамруулж, олон зуун хүүхдийг номын сан, сургалт боловсролоор хангаж байгаа талаар албанынхан мэдээллэсэн. Өдөр бүр харж буй хүүхдийн эрхийг зөрчсөн аймшигтай мэдээнүүд, түүний ард мэдээлэгдэхгүй үлдэж байгаа энэ үед “Ид шидийн орон” хүрээгээ тэлж байгаа нь сайшаалтай.