
Арван есөн насандаа дэлхийн аварга болж, дараа жил нь үзүүрлэн монгол түмнээ баярлуулсан, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Риогийн олимпын дараа үрийн зулай үнэрлэн, спортоос түр хөндийрсөн. 23 настай тэрбээр энэ оны эхнээс дэвжээндээ эргэн ирж, чамлахааргүй амжилт гаргаж яваа.
С.Цэрэнчимэд өчигдөр дууссан 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-д амжилтаа үргэлжлүүлж, хүрэл медаль хүртэв. Хэдийгээр тэрбээр түрүүлж чадаагүй ч анхдагч болжээ. Учир нь, түүнээс өмнө Монголын чөлөөт бөхийнхнөөс дөрвөн өөр насны ангилалд ДАШТ-ээс медаль авч байгаагүй юм.
С.Цэрэнчимэд ДАШТ-ээс өсвөр үеийн ангилалд хүрэл (2011), залуучуудынхад алт (2013), насанд хүрэгчдийнхэд алт (2014), мөнгө (2015), 23 хүртэлх насныхад хүрэл (2018) медаль хүртсэнээр түүхэн амжилтын эзэн боллоо.
Эмэгтэйчүүдийн 57 кг-д зодоглосон, армийн дэлхийн аварга, “Mongolia open” болон насанд хүрэгчдийн УАШТ-ий гурван түрүүтэй, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин тэрбээр эхний тойргуудад эзэн орны бөх Д.Фодор, Украины А.Акобианыг цэвэр ялсан ч хагас шигшээд энэ жил Пан Америкийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн, оюутны дэлхийн дэд аварга, Канадын А.Тоунд 15:3-аар дийлдсэн байна. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Азербайжаны А.Колесникийг 11:3-аар яллаа.
Э.ГАНТУЯА АМЖИЛТАА ДАВТЛАА
С.Цэрэнчимэдийн амжилтыг Монголын хоёр бөх үргэлжүүлж, хүрэл медаль хүртэв. Эмэгтэйчүүдийн 62 кг-д өрсөлдсөн, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Гантуяа өнгөрсөн жилийн амжилтаа давтав.
Энэ жил насанд хүрэгчдийн ДАШТ-д Гавьяат тамирчин П.Орхоны оронд өрсөлдсөн тэрбээр эхний тойрогт дэлхийн дэд аварга, Японы бөх Ю.Кавайд оноогоор цэвэр (12:2) ялагдсан ч удаах даваанд Беларусийн Кристина Сазыкинаг 14:2, хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны Европын АШТ-ий медальтай, эзэн орны тамирчин К.Инцег 4:2-оор ялжээ.
Нөгөө хүрэл медалийг нь ОУХМ Ц.Намуунцэцэг авсан. Өсвөр үеийн ДАШТ, залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин тэрбээр 50 кг-д барилдсан.
Өнгөрсөн жил үрийн зурай үнэрлэн, энэ жил дэвжээндээ эргэн ирсэн Ц.Намуунцэцэг эхний даваануудад БНХАУ-ын Шуан Лиг 8:7, залуучуудын Пан Америкийн аварга, АНУ-ын Коди Фауг 15:4-өөр ялсан ч хагас шигшээд дэлхийн залуучуудын дэд аварга, өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, ОХУ-ын Н.Соколовад 8:6-гаар дийлдсэн юм.
Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-ий медальт, Азербайжаны Т.Насироваг цэвэр ялжээ. Ц.Намуунцэцэг 1996 оны гуравдугаар сарын 31-нд Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгонд төрсөн. 2008 онд төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургууль (ТСБТСДС)-д спортын мастер Г.Пүрэвбаатар агсны удирдлагад чөлөөт бөхөөр анх хичээллэсэн аж.

Өдгөө Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, спортын мастер Ё.Батдархан, Ж.Баярхүү нарын удирдлагад бэлтгэлээ базааж буй. 2013 онд ТСБТСДС-ийг төгссөн тэрбээр өдгөө Үндэсний биеийн тамирын дээд сургуульд сурдаг.
Түүнийг насанд хүрэгчдийн УАШТ-ээс анхны түрүүгээ хүртэхэд нь буюу 2016 онд Д.Дагвадорж аварга чөлөөт бөхийн чиглэлээр Япон улсад сурах эрхийн бичгээр шагнаж байв. Сонирхуулахад, 23 хүртэлх насны ангиллын ДАШТ өнгөрсөн жил анх удаа болоход Г.Отгонжаргал, Э.Гантуяа нар хүрэл медаль хүртэн, анхнынх нь жимийг гаргасан билээ.
ЧӨЛӨӨТ БӨХИЙХНИЙ ДАВХАРТ ЦОХИЛТ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголын чөлөөт бөхийнхөн дэлхийн төдийгүй олон улсын дэвжээнээс медалийн арвин “ургац” хураав. Япон Улсад энэ сарын 16-нд болсон Азийн аварга шалгаруулах сурагчдын анхдугаар тэмцээнд манай улсаас дасгалжуулагч С.Мөнхдуулдах, Г.Нямбаяр, Д.Бямбасүрэн нарын удирдлагад долоон бөх өрсөлдөн, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэв.
Монгол, Япон, Энэтхэг, Тайвань, Тайланд, Казахстан зэрэг есөн орны тамирчид 10 жинд (33, 36, 39, 42, 46, 50, 54, 58, 62, 66 кг) өрсөлдсөн уг тэмцээний 50 кг-д “Женко” клубийн бөх Б.Хулан, 54 кг-д ТСБТСДС-ийн Т.Алтжин, 62 кг-д “Женко” клубийн Э.Одзаяа, 66 кг-д Налайх дүүргийн “SJ” клубийн А.Даваажаргал нар үзүүрлэн, 58 кг-д “Женко” клубийн тамирчин Б.Марал хүрэл медалийн эзэн болжээ.
Мөн энэ сарын 16-17-нд ОХУ-д болсон Европын хошой аварга Ю.Власкогийн нэрэмжит 23 хүртэлх насны ангиллын олон улсын тэмцээнд манай улсаас 40 гаруй бөх зодоглон, хоёр мөнгө, долоон хүрэл медалиар энгэрээ мялаажээ.
Гурван орны 220 гаруй бөх өрсөлдсөн тэмцээнд ОУХМ Д.Цогтбаатар, спортын мастер Ё.Батдархан, Б.Цогтгэрэл нарын удирдлагад барилдсан тамирчдаас 57 кг-д өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын Азийн аварга “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, ОУХМ Н.Насанбуян, 61 кг-д Красноярскийн гран при, “Монголиа опен” олон улсын тэмцээний хүрэл медальт, “Алдар” спорт хорооны бөх, ОУХМ Ц.Цогбадрах нар дэд аварга болов.
Харин хүрэл медалийг 57 кг-д “Алдар” спорт хорооны М.Даваабанди, 65 кг-д Г.Ханбүргэд, 70 кг-д “Арслан” клубийн Х.Хишигбат, 74 кг-д “Хасу-Мегастарс” клубийн Д.Батзул, 92 кг-д “Аваргууд” академийн Н.Шинэтөр, 97 кг-д “Харгант цамхаг” клубийн Т.Мөнгөншагай, О.Бат-Эрдэнэ нар хүртжээ. Тэмцээнийг дэнсэлсэн шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголоос ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Отгонцэцэгийн хань Г.Амархүү, шинээр олон улсын шүүгчийн болзол хангасан М.Энхмөнх, Б.Энхжин, улсын зэрэгтэй Э.Идэрцэцэг нар багтсан юм.