
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга өнгөрсөн лхагва гарагт зарлиг гаргаж, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Давааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Түүний оронд ЗХЖШ-ын даргыг томилох хүртэл тус штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбатыг үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулж буй.
Дэслэгч генерал Д.Давааг Ерөнхийлөгчийн цэргийн бодлогын зөвлөхийн албан тушаалд томилсон бол энэ долоо хоногт ЗХЖШ-ын даргын нэрийг тодруулж, УИХ-д танилцуулах аж.
Одоогоос хоёр сар гаруйн өмнө Д.Даваад Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс “Нэгдүгээр орлогч, хошууч генерал Р.Сүхбат, орлогч, хошууч генерал Ж.Бадамбазар нарыг чөлөөлж, оронд нь бригадын генерал П.Доржсүрэн, хурандаа Ц.Жавхланбаатар нарыг томилох чиглэл өгсөн. Тухайн үед нь зөвшөөрөөгүй байтал дахиад өнгөрсөн долоо хоногт ийм шахалт ирсэн юм билээ.
Тэгэхэд нь “Би энэ хүмүүсийг албан тушаалд томилсноос өөрөө ажлаа өгье” гээд хүсэлтээ өгсөн гэх яриа БХЯ, ЗХЖШ-ынхны дунд байна. Зарим нь хурандаа Ц.Жавхланбаатар хэмээж буй бол, нэг хэсэг нь өдгөө Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж буй багийн захирагч, хурандаа Д.Жавхланбаярыг орлогчоор томилох чиглэл өгсөн гэж ярьж байгаа юм.
Ямартаа ч энэ хоёр хүний хэн нь ч байсан Зэвсэгт хүчний анги салбарынхан “Мэдлэг боловсролын хувьд ЗХЖШ-ын удирдах албан тушаал хашиж чадах хүмүүс биш” хэмээж буй. Бас болоогүй эрх мэдэл албан тушаалаа урвуулсан байж болзошгүй шинжтэй асуудлууд нь ил болж, ажлыг нь өөрчилж байсан гэх яриа ч байна.
Бригадын генерал П.Доржсүрэнгийн хувьд Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагч, Хяналт шалгалт, үнэлгээний газрын даргаар ажилладаг. Өмнө нь анги, салбарт ажиллаж байсан бөгөөд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагч байхдаа найз нартайгаа анд явж, тус ангийн эзэмшлийн АКМ буу алга болгосон хэрэгт ТЕГ-т шалгуулж байсан гэдэг. Эцэстээ хэрэг нь цагаадсан аж.
Тэднээс гадна ЗХЖШ-ын даргаар бригадын генерал Г.Сайханбаярын нэр яригдаж буй гэнэ. Түүнийг Цэргийн сургуулийн курсийнх нь найз, Ерөнхий сайд У.Хүрэлсүх зүтгүүлж байгаа сурагтай. Хэдийгээр зохих шатны сургуулийг нь дүүргэсэн ч Зэвсэгт хүчний анги салбарынханд төдийлөн танигдаагүй, Батлан хамгаалах яаманд л ажиллаж байсан учраас жирийн алба хаагчид хүлээж авахгүй байх магадлалтай аж.
Түүнээс гадна БХЯ-ны газрын даргаар ажиллаж байхдаа офицер, ахлагч нарт зориулсан байрнуудаас хувьдаа авсан гэх хардлага өдгөө ч БХЯ, ЗХЖШ болон анги салбарын офицер, ахлагч нарын дунд бий.
Харин нэр цэвэр, мэдлэг боловсролын хувьд ЗХЖШ-ын удирдах албан тушаалтны шаардлага хангах, тухайлбал, ОХУ-д ЗХЖШ-ын академи төгсөөд ирсэн бригадын генерал Л.Онцгойбаяр, мөн бригадын генерал Д.Ганзориг нарыг яагаад албан тушаалд томилж, ахиулахгүй байгаад зэвсэгт хүчний салбарынхан гайхаж байгаа юм билээ.
Д.Дайчин