
Амралт, амралт бас дахин амралт. Монголд үнэндээ ийм л уриа лоозон хэрэгжээд байх шиг. Бүх нийтээрээ амарч байгаад тухтайхан тэмдэглэдэг баяруудын тоо нэмэгдээд л байх юм. Уг нь баяр болгон онцлогтой, өөр өөр утга учир, бэлгэдэлтэй. Гэтэл манайхан бүгдийг нь нэг маягаар тэмдэглэдэг. Хэн, хэзээ гаргаад ирсэн “хууль” юм, баяр болгоноор бөх барилдуулахыг нь яана. Ямар сайндаа л Улс тунхагласны баяр гэхээр хар багаас толгойд хамгийн түрүүнд буудаг зүйл нь “Арваннэгдүгээр сарын 26-нд бүх нийтээрээ амардаг, бас бөх барилддаг” гэсэн хоёр түлхүүр ойлголт байсан. Одоо ч хэвээрээ. Гэр бүл, найз нөхдөөрөө цуглаад амарсны баяраа тэмдэглэж, зурагтаар бөхөө үздэг уламжлалтай.
Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр харин монгол түмний дундаас тодорсон сод хүмүүнд “Чингисийн одон” гардуулдгаараа арай өвөрмөц байв. Монгол бахархлын өдөр гэсэн нэрэндээ ч утга агуулга нь илүү дөхдөг тул “Өнөө жил “Чингисийн одон”-гоор хэн шагнуулах бол” гэдэг хүлээлт нийгэмд хэдийн үүссэн. Гэтэл энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Чингисийн одон” авахаар хэмжээний бахархалт хүмүүн Монголд алга” гээд олгосонгүй. Төрийн хошой шагналт Н.Жанцанноров гуайд өгчих болов уу гэж найдан хүлээж байсан олон түмний хүлээлт, догдлол ингээд хаа ч юм хөсөр хаягдсан. Монголчуудыг дорд үзсэн ийм хандлага Монгол түмний эв нэгдлийн бэлгэдэл байх учиртай Төрийн тэргүүнээсээ мэдэрсэн хүмүүс аанай л зурагтаар өнөөх бөхчүүдээ үзэхээс өөр сонголтгүй хоцорсон. Харин тэгтэл Ерөнхийлөгч маань “Буянт-Ухаа” спортын ордонд оччихсон, үндэсний бөхийн барилдааныг нээж үг хэлээд явж байдаг байгаа. Тэр хүнд Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол хэдхэн бөхөд хамаатах “эзэн” биш, энэ ажил алба бол бөхийн холбоог удирдахаас огт өөр гэдгийг яаж ойлгуулах вэ.
Ер нь цаашдаа төр, засгаас тусгайлан ач холбогдол өгч, бүх нийтээр нь амраадаг баяруудаараа хүүхэд багачууд болон гэр бүл, хамт олонд зориулсан тусгай хөтөлбөр бүхий янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж, тухайн өдрийн утга учир, онцлог, түүхэн ач холбогдлыг танин мэдүүлдэг байвал сайн сан. Адаглаад Монгол бахархлын өдрөөр МҮОНРТ үе үеийн Чингисийн одонт эрхмүүдийн тухай хөрөг нэвтрүүлэг гаргадаг ч юм уу, эсвэл тэднээр монгол хүн байхын утга учир, үнэ цэнийн тухай яриулдаг байвал бөхийн барилдаанаас хамаагүй олон хүн үзэх биз. Нөгөөтээгүүр бөхийн барилдаануудын бай шагналыг даагаад байдаг компаниуд ядаж Монгол бахархлын өдрөөр монгол хүүхэд багачуудын оюун санаанд хөрөнгө оруулахад анхаардаг болоосой. Тэртэй тэргүй тал талаас тэлээлж мөнгөөр угжуулдаг үндэсний бөхчүүдийн шил нь татаад уначихгүй байлгүй, ганц барилдаан болохгүй байлаа гэхэд.