
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайханд нийслэлийн 2019 оны төсвийн төслийг өргөн барилаа.
Ирэх оны төсвийн төслийг өргөн барьсантай холбогдуулж НИТХ-ын дарга С.Амарсайхан “Энэхүү асуудлуудыг хуульд заасан хугацаанд НИТХ хэлэлцэх ёстой. Тийм учраас өнөөдрийн Тэргүүлэгчдийн хурлаар оруулж хэлэлцүүлээд, 29-ний ээлжит хуралдаанаар эхний хэлэлцүүлгээ хийнэ. Хэдийгээр Монгол Улсын төсөвт Ерөнхийлөгч хориг тавьж, төсвийн төслөө өргөн барих хугацаа тулсан хэдий ч та бүхэн цаг наргүй ажиллаж, нийслэлийн 2019 оны төсвийн төсөл болон бусад асуудлыг өргөн барьж байна. Асуудлыг шуурхай хэлэлцэх болно” хэмээв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн төсөв голчлон хүн амын орлогын албан татвараас бүрддэг. Үүнтэй холбоотойгоор орлого шахуу төлөвлөгдсөн. Зарлагын хувьд цалингийн нэмэгдлийг тооцсон. Бусад урсгал зардлыг хэмнэж, илүү зарлага гаргахгүй байх тал дээр хичээн ажилласан. Төсөв байгууллагуудын зарлагыг 2018 оны түвшинд нь байлгана.
Мөн 2019 онд Улаанбаатарыг хүн амьдрахад хамгийн ээлтэй хот болгоё гэсэн гол зорилт тавьсан. Ингэхийн тулд явган замын тохижилтыг сайжруулж, зам чөлөөлж, дугуйн замыг бий болгох тал дээр анхаарлаа хандуулж байгаа. Хотын гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг сайжруулж, нэмэгдүүлэх тал дээр анхаарлаа хандуулъя гэсэн зорилт тавьсан.
Концессийн хуульд 2016 онд өөрчлөлт ороод нийслэлд шууд барих, шилжүүлэх концессийн жагсаалт хийхийг хориглосон байсан. Өнгөрсөн хугацаанд нийслэл концессийн зээлийн өрөө дуусгасан. Үүнийг дуусгасны учир нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд итгэл төрүүлэх хэрэгтэй. Төр хувийн хэвшлээр ажлаа хийлгэчихээд мөнгөө өгөхгүй байж болохгүй. Бид 100 гаруй тэрбум төгрөгийн өрийг дарсан.
Төр өөрөө барих боломжтой сургууль, цэцэрлэг, замыг концессоор бариулах ёстой юу гэдэг дээр анхаарч байгаа. Концессоор төр хувийн хэвшлийн зайлшгүй хамтарч хийх ёстой обьектуудыг оруулах ёстой гэж үзсэн. Цэнгэлдэх хүрээлэн, шарил хадгалах газар, хурал, зөвлөгөөний танхим зэрэг 10 гаруй томоохон барилгыг концессоор бариулахаар оруулсан байгаа” хэмээлээ.
Нийслэлийн төсвийг хуульд заасан хугацаагаар бол арванхоёрдугаар сарын 5-ны дотор НИТХ-аар хэлэлцэн батлах учиртай. Тиймээс НИТХ-ын ээлжит хуралдааныг энэ сарын 29-ны өдөр хуралдуулахаар товлон зарлаж, төсвийн эхний хэлэлцүүлэг хийнэ гэдгээ НИТХ-ын дарга С.Амарсайхан хэллээ.