
Уул, уурхайн дэд сайдаар ажиллаж байсан О.Эрдэнэбулганыг өнгөрсөн долоо хоногт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд цагдан хорьжээ. Тус газрынхан энэ талаар ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзаж буй. Харин прокурор, шүүхийн эх сурвалжууд “2012-2014 оны Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газрын үед дэд сайдаар ажиллаж байсан О.Эрдэнэбулган гэдэг хүнийг саатуулан шалгаж эхэлсэн. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Улсын ерөнхий прокурор хэд хоногийн өмнө олны анхаарал татсан хэд хэдэн хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэн үр дүнг тооцох үүрэг нийслэлийн Прокурорын газар, АТГ, ЦЕГ-ын удирдлагад өгсөн талаар бид мэдээлсэн. Тэдгээрийн дотор үнэ тогтворжуулах хөтөлбөр багтсан.
Засгийн газар, Монголбанкнаас мөнгө гаргаж аж ахуйн нэгжүүдэд шилжүүлсэн бөгөөд шатахууны үнийн өсөлтөөс хамгаалахын тулд шилжүүлсэн хөрөнгийн зарцуулалттай холбоотойгоор тухайн үеийн Уул, уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг шалгаж эхэлсэн гэдгийг баттай эх сурвалжууд хэлэв.
Тэрбээр нэг ярилцлагадаа “Дэлхийн зах зээлээ дагаад үнэ буух боломжтой. Бүр 200-300 төгрөгөөр ч буух боломж бий. Хамгийн гол нь үнэ буулгаж, нэмэхээсээ илүүтэйгээр үнийг тогтвортой барих нь чухал. Засгийн газраас онцгой албан татварыг нэмж тогтворжуулах арга хэмжээ авсан нь маш зөв” хэмээн дээрх хөтөлбөрийн талаар ярьж байсан юм.