
БНСУ-ын Элчин сайдын яамнаас тус улсад зорчих олон удаагийн виз мэдүүлэх журамд өөрчлөлт оруулсан. Аравдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн шинэ журамтай танилцуулах үүднээс бид цуврал ярилцлага хүргэж байгаа билээ.
Тус улс руу зорчих олон удаагийн визийг өмнө нь долоон нөхцөлөөр олгодог байсан бол шинэчилсэн журмаар 15 болгож нэмжээ. Энэ талаар “Монгол ньюс хөтөч” компанийн менежер Б.Золзаяагаас тодрууллаа.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас визийн мэдүүлэг хүлээн авах эрх олгосон 10 байгууллага үйл ажиллагаа явуулж буйн нэг нь “Монгол ньюс хөтөч” компани юм.
-Сэтгүүлч, эмч, өмгөөлөгч, их, дээд сургуулийн багш нар БНСУ руу зорчих олон удаагийн виз авах эрхтэй болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Шинэчилсэн журамд өөр ямар зүйл заалт нэмэгдсэн бэ?
-Өмнөх журамд үндсэн долоон нөхцөл байснаас тавыг нь хэвээр үлдээсэн. БНСУ руу зорчиж байсан иргэн, төрийн өмчит аж ахуйн нэгжийн үндсэн ажилтан, хэлтсийн даргаас дээш албан тушаалтан, тус улс руу тогтмол нислэг үйлддэг авиа компанийн үндсэн ажилтан олон удаагийн виз авах эрхтэй.
Бүрдүүлэх материал нь ч өмнөхийн адил байна. Мөн БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор аж ахуйн нэгж байгуулах, тус улсын төрийн болон төрийн өмчит байгууллагын урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах иргэн олон удаагийн виз авах боломжтой.
Тус улсын иргэншилтэй монгол иргэний эцэг, эх, хүүхэд, Монгол Улсад оршин сууж байгаа БНСУ-ын иргэний гэр бүлийнхэн үүнд хамрагдах эрхтэй хэвээрээ. Үлдсэн хоёр нөхцөлийг шинэчилсэн. Тухайлбал, олон улсад ашигладаг “Gold”, “Vip” кредит карт эзэмшигч виз авах эрхтэй гэсэн нөхцөлийг өөрчилсөн. Ингэхдээ олон улсын картаа хэрхэн ашигласан, мөнгөний хязгаар хэд байх зэргийг харгалзан үзэх болсон.
Тухайлбал, 10 000 ам.доллароос дээш зээлийн эрхтэй, олон улсад ашигладаг кредит карт эзэмшдэг, сүүлийн гурван сарын дундаж хэрэглээ нь 2000 ам.доллароос дээш байвал олон удаагийн виз авах эрхтэй. Үүнийгээ нотлохын тулд банкны тодорхойлолт, дансны хуулга зэргийг бүрдүүлнэ.
Түүнчлэн байнгын зорчигч гэсэн нэг ерөнхий нөхцөл байсныг шинэчилсэн журамд илүү нарийвчилж тусгасан. Тодруулбал, БНСУ руу сүүлийн хоёр жилийн дотор дөрөв ба түүнээс дээш, нийтдээ 10-аас олон удаа зорчсон байх ёстой гэж өөрчилсөн. Мөн сүүлийн хоёр жилд заавал нэг удаа зорчсон иргэн хэмээн тодотгосон юм.
-Шинэчилсэн журмаар соёл урлагийн зүтгэлтэн, тамирчид олон удаагийн виз авах боломж бүрджээ. Ямар шалгуур хангах ёстой вэ?
-ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй соёл урлагийн зүтгэлтэн, салбартаа гавьяа зүтгэл гаргасан тамирчин олон удаагийн виз авах боломж бүрдсэн. ЭСЯ-ны холбогдох нөхцөл гэдэгт нь тухайн иргэний гавьяа шагналыг хамааруулж ойлгоно.
Тухайлбал, соёл урлагийн салбарын зүтгэлтэн нь төрийн дээд одон медалиар шагнуулсан байна. Жишээ нь, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын болон Гавьяат цолтон хамаарах юм. Спортын салбарынхан ч төрийн дээд одон медалиар шагнуулсан байх ёстой.
Үүнээс гадна олимп, паралимпийн медальтай, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн бол олон удаагийн виз хүсэх эрхтэй.
-Ямар материал бүрдүүлэх вэ?
-Гавьяа шагналаа нотлохын тулд үнэмлэхийн хуулбар болон батлах нотлох бусад бичиг баримтаа авчирна. Үүнээс гадна виз мэдүүлэхэд зайлшгүй шаардагддаг гадаад паспортын хуулбар, цагдаагийн газрын тодорхойлолт, нийгмийн даатгал төлдөг бол дэвтрийн хуулбар, гэрлэлтийн лавлагаа зэрэг бичиг баримт хэрэгтэй.
-Олон удаагийн визтэй иргэний гэр бүлийн гишүүн нь мөн ийм виз авах эрхтэй гэсэн байх аа?
-Олон удаагийн виз авах нөхцөл хангасан бүх хүний гэр бүлийнхэнд ийм эрх олгодоггүй. БНСУ-д зорчиж байсан иргэн, 500 сая төгрөгөөс дээш үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө эзэмшигч гэсэн хоёр шаардлагад нийцэж, олон удаагийн виз авсан бол эхнэр, нөхөр, хүүхэд нь хөнгөлөлттэй нөхцөлд хамрагдах боломжтой юм.
500 сая төгрөгөөс дээш үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө эзэмшигч иргэн шинэчлэгдсэн журмаар олон удаагийн виз авах эрхтэй болсон. Энэ тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, улсаас итгэмжлэгдсэн хөрөнгийн үнэлгээний газрын тодорхойлолт, сүүлийн зургаан сарын турш цуглуулсан мөнгөн хадгаламжийн дүн зэргээ нотлох хэрэгтэй.
-Цалингаас өөр орлогогүй иргэн олон удаагийн виз хүсэж болох уу?
-Болно. Шинэчлэгдсэн журмаар ийм эрх нээгдсэн. Гэхдээ тодорхой шалгуур тавьж байгаа. Сүүлийн зургаан сарын турш нийгмийн даатгалын дэвтэрт бичсэн цалин нь нийслэлийн ажиллагсдын сарын дундаж цалингаас хоёр дахин их байх шаардлагатай.
Тухайлбал, энэ оны тавдугаар сарын байдлаар нийслэлийн ажиллагсдын дундаж цалин 1.1 сая төгрөг байжээ. Виз мэдүүлэхдээ ажлын газрын тодорхойлолт, виз мэдүүлж буй өдрөөс өмнөх 12 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа авчрах ёстой.
Үүнээс гадна нэг жилийн турш төлсөн татварын хэмжээ нь 500 сая төгрөгөөс дээш хэмжээнд хүрсэн, эсвэл шилдэг татвар төлөгч 100 аж ахуйн нэгжид хэлтсийн дарга болон түүнээс дээш албан тушаалд нэгээс дээш жил ажиллаж буй иргэн олон удаагийн виз хүсэх эрхтэй.
Виз мэдүүлгийн маягт, гадаад паспортын хуулбар, цагдаагийн газрын тодорхойлолт зэрэг зайлшгүй шаардагддаг бичиг баримтаас гадна аж ахуйн нэгжийн татварын цахим тодорхойлолт шаардлагатай. Хамрах хугацаа нь өмнөх оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31 хүртэл байна.
Түүнчлэн байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт, Монгол Улсын татвар төлөгч шилдэг 100 аж ахуйн нэгжийн нэрийн жагсаалт зэрэг нэмэлт бичиг баримт шаардана.