
Гэрийнхээ гадна тоглож байсан таван настай охиныг Дархан-Уул аймгаас хулгайлсан хэрэг өнгөрсөн наймдугаар сард гарсан билээ. Ах нарынхаа хамт хашааныхаа гадна тоглож байсан охиныг “зайрмаг авч өгье” хэмээн хуурч, автобусаар хотод авчирсан 37 настай П.Батсуурь гэх эмэгтэйд холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ.
Тэрбээр хүүхэд хулгайлснаасаа хойш хоёр хоногийн дараа тус дүүргийн VIII хорооны нутагт охиныг дагуулан явж байхад нь ЭЦА-ны ажилтнууд саатуулсан билээ. Тэрбээр хүүхэдтэй болохыг хүссэн, түүнтэй хамт 2-3 хоноё гэж бодож байсан юм хэмээн саатуулагдсаныхаа дараа мэдүүлж байсан аж.
П.Батсуурьт нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1-д заасан хохирогчийг хүүхэд гэдгийг мэдсээр байж хууран мэхэлж авч явж хулгайлсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн юм байна.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс П.Батсуурьд дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, гурван жил хорих ял оноов.