
Сүүлийн үед арилжааны банкуудтай холбоотой таагүй явдлууд дараалан гарч байна. Хамгийн сүүлд “Капитал” банк ЖДҮХС-гийн хэрэгтэй холбогдож, АТГ шалгаж, эзэмшигч нь болох УИХ-ын гишүүн Б.Ундармаа тус газарт байцаалт өгсөн тухай мэдээлэл цацагдлаа.
Тэгвэл Монгол төрийн нэрээр үйл ажиллагаа явуулдаг арилжааны ганц банк болох Төрийн банк ч бас иймэрхүү хэл ам таталсаар байгаа. Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц, одоо ажиллаж байгаа Г, Э нарын гурван захирлыг болон гурван теллер авлигын хэрэгт холбогдсон. 2018 оны аравдугаар сарын 23-ны орой АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс дээрх зургаан хүнийг баривчлан ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид хорьсон байдаг юм.
Тэднийг онц их хэмжээний мөнгөн дүн бүхий зээлүүдийг гаргахдаа олон сая төгрөгийн авлига авсан. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц, салбарын захирал Э нар нь Төрийн банкны төв болон тооцооны төвүүдийн зээлийн эдийн засагч нараар дамжуулан зээл судлуулан гаргахдаа танил талдаа зээл олгуулж, зээлийн тодорхой хувийг авсан байж болзошгүй хэрэгт холбогдсон тухай эх сурвалжууд мэдээлж байв. Энэ асуудал тэгсхийгээд чимээ сураг алдарсан. Хэрэг явдал хэрхэн өрнөж байгаа талаар хуулийнхан ч таг чиг болсон.
Гэхдээ ийм асуудал Төрийн банканд байсаар ирсэн. Төрийн өмчид дүрдэг “хуруунууд” тэнд ч дүрээстэй байгаад байх магадлал өндөр юм. Ер нь бол төр өөрийн мэдлийн банканд хяналтаа хэр зэрэг тавьдаг вэ гэдгийг анхаарах ёстой болоод байгаа. Учир нь иргэд, байгууллагууд төрийн нэрээр үйл ажиллагаа явуулдаг учраас байгуулагдаад удаагүй энэ банкийг сонгодог нь нууц биш.
Түүнчлэн Төрийн банкны хувьчлалын асуудал байсхийгээд л босож ирдэг. Тэгсхийгээд сураггүй болдог. Гэвч “Төрийн банкийг хувьчлагдвал авах эзэн нь тодорхой” гэх нэр, ус заасан мэдээллүүд бас байнга явдаг. Үүнээс гадна Ж.Эрдэнэбатын Засгийн газар унаж, У.Хүрэлсүхийн Засгийн газар гарч ирсний дараа Төрийн банкны удирдлагуудаар томилогдож очсон хүмүүсийг “хувьчлалд бэлтгэх баг очлоо” гэцгээсэн. Зарим нэг удирдлагыг одоогийн УИХ-ын нэр бүхий гишүүн томилсон гэх яриа ч Төрийн ордноор нэг хэсэг “нисэж” байлаа. Энэ ямар учиртай үг болохыг улс төрийн хүрээнийхэн сайн мэддэг бололтой юм билээ.
Юутай ч цаг төрийн ийм ороо бусгаа үед төр өөрийн мэдэл дэх цорын ганц арилжааны банкандаа анхаарал тавьж, хяналтаа тогтоох цаг болсон байна.