
Монголд хөнгөн үйлдвэрийн салбар үүсэж, хөгжсөний 85 жилийн ойд зориулж “Монголын хөнгөн, хүнсний үйлдвэрүүдийн хөгжил, нанотехнологи” ном бүтээжээ. Тус ном нь гурван бүлгээс бүрдэж буй бөгөөд эхнийхэд нь улс орноо хэрхэн үйлдвэржүүлэхийг “заасан” суут сэтгэгч К.Маркс, Ф.Энгельс, И.Лениннарын бодлого, зарчмуудыг тусгасан байна.
Хоёрдугаар бүлэгт Монголын хөнгөн, хүнсний үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд олон жил тасралтгүй ажилласан эрдэмтэн туршлагаасаа хуваалцсан бөгөөд үйлдвэрлэлийн зардлыг бүртгэх нормативын арга болоод дэлхийн нанотехнологийн бизнес, эдийн засгийн асуудал зэргийг багтаасан аж.
Харин гуравдугаар бүлэгт дэлхийн шинжлэх ухаан, техник, технологийн хөгжлийг тодорхойлж буй нанотехнологийн салбарыг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэж болохыг номын зохиогч Европ, Ази, Номхон далайн орнуудад хийсэн судалгаандаа үндэслэн нийтэлжээ.
Уг номын зохиогч, нягтлан бодогч, судлаач, доктор, профессор Р.Буянжаргал нь Олон улсын эдийн засаг, бизнесийн сургууль болон “Улаанбаатар-Эрдэм судлал” дээд сургуульд багшилдаг.
Тэрбээр олон улсын эдийн засаг, бизнесийн болон санхүүгийн удирдлага, уул уурхайн аж үйлдвэрийн салбарын эдийн засгийн чиглэлээр 100 гаруй судалгааны бүтээл, өгүүлэл бичиж нийтлүүлсэн юм. Сүүлийн үед нанотехнологи, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, түүний төрөл, ангиллаар дагнан судалгаа хийж байгаа аж.