
Монгол Улсын ууган сургуулиудын нэг Нийслэлийн Ерөнхий боловсролын 3-р сургуулийн 2656 сурагч, тэдний эцэг эх, багш, ажилчид хамтран зорилтот бүлгийн гурван хүүхдэд тавилгатай гэр авч өглөө. Бусдад чин сэтгэлээсээ туслахын ач холбогдлыг сурагчдад ойлгуулах зорилгоор өрнүүлсэн “Амьдралд өнгө нэмье” аяны хүрээнд нийт 7.025.000 төгрөг цугларсан байна. 3 дугаар сургуулийнхан хүн бүрээс 2000 төгрөг цуглуулсан бөгөөд зарим эцэг эх сайн дураараа илүү тусламж үзүүлснээр тэд бодит тусламжийн ажил хийж чаджээ.
Гэртэй болсон хүүхдийн эмээ баярласан сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Би өмнө нь подвалоос подвал дамжин амьдардаг байлаа. Гэтэл хүүгийн минь сургуулиас ийм сайхан өргөө цагаан гэр авч өгсөнд маш их баярлаж байна. Олны хүч оломгүй далай гэдгийг 3-дугаар сургуулийн сурагчид үзүүлж чадлаа” гэв.
Мөн энэхүү аяныг зохион байгуулагчдын нэг, эцэг эхийн зөвлөлийн гишүүн Д.Ганбаяр хэлэхдээ “Манай сургуулийн нийгмийн ажилтнууд сурагчдаас гэр бүлийн болон амьдралын нөхцөл байдлыг харгалзан гурван сурагчийг сонгон авч туслахаар болсон. Нэг сарын турш үргэлжилсэн энэхүү аяны хүрээнд бид цугларсан мөнгөөрөө, тавилгатай гэр хоёрыг, портер нүүрс, өргөн хэрэглээний хүнсний зүйлс цуглуулан авч өгөөд байна. Өнөөдөр би өөрөө гэртээ болох гэж байгаа юм шиг л баярлаж байна” гэв.
Сайн үйлсийн аянд олон эцэг эх өөрсдийн чаддаг зүйлээрээ тусалсан бөгөөд ангийнхаа найздаа зориулж Н.Гансүх гэхэд эцэг эхээрээ гэрийн бүрээс хийлгүүлж өгсөн байна.