
МИАТ компанийн “ОМ302” аяллын онгоц БНСУ-д ослын буулт хийсэн нь өнгөрсөн амралтын өдрүүдэд олны анхаарал татсан үйл явдал болов. БНСУ-ын Сөүл хотын олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатарын чиглэлд хөөрсөн тус компанийн онгоцны дугуй эвхэгдээгүйн улмаас Инчонд буцаж газардсан.
Тухайн онгоцны зорчигчид цахим орчинд “МИАТ-ийн онгоц байнга саатдаг”, “Ямар гэмтэл гарсан талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй”, “Хэзээ буцаж нисэх нь тодорхойгүй байна” гэх зэргээр бухимдлаа илэрхийлэв. Онгоцонд 300 иргэн зорчиж явжээ.
Инчоноос Улаанбаатар руу хөөрсөн онгоц ямар шалтгааны улмаас ослын буулт хийсэн талаар МИАТ компанийнхан “2018 оны арванхоёрдугаар сарын 21-нд Сөүл, Улаанбаатарын чиглэлийн агаарын хөлгийн хяналтын самбарт “check-in” гэрэл ассан тул техникийн үзлэг хийхээр буцсан. Инчоны олон улсын нисэх буудалд газардаж, инженер, техникийн ажилтнууд агаарын хөлгийн дугуйнд гэмтэл гарсныг илрүүлэн шуурхай засварлаж, нислэгт бэлэн болгосон.
Техникийн саатлын улмаас зорчигчдын тав тухыг алдагдуулсандаа зорчигч, үйлчлүүлэгчдээс хүлцэл өчье” гэж мэдээлсэн юм. “ОМ302” аяллын онгоц тухайн өдрөө орон нутгийн 00.43 цагт Инчоноос хөөрч Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 04.04 цагт аюулгүй газарджээ. Онгоцыг газардсаны дараа техникийн нарийвчилсан үзлэг хийж, дахин нислэг үйлдэх боломжтой гэж дүгнэсэн байна.