
Өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид арванхоёрдугаар сард гарсан хэрэг, зөрчлийн тухай мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга П.Эрдэнэбат “Энэ арванхоёрдугаар сар гарснаар хүн амины 165 хэрэг бүртгэгдсэний 13 нь архины хордлогын улмаас, долоо нь осгож нас барсан бол зургаан иргэн амиа хорлож, бусад 105 тохиолдол бүртгэгдсэн. Мөн 4,598 хүн эрүүлжүүлэгдсэн” хэмээн мэдээллээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Шинэ жилийн баярын үеэр амар хялбар аргаар мөнгө олох зорилготой этгээдүүд дээрэм хийх тохиолдол нэмэгдэж, архидан согтуурсан үедээ маргалдан, нэг нэгнээ гэмтээх, улмаар амь насанд нь хүрэх тохиолдол гарсан” гэв.
Мөн ЦЕГ-аас баярын өдрүүдээр согтууруулах ундааг зохистой хэрэглэж, эд зүйлээ алдаж, осгож гэмтэхээс сэргийлэхийг анхааруулж байна. Иймд баярын өдрүүдээр цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж ажиллана хэмээн мэдээлэв.
Г.Тэмүүлэн