
2019 онд утааг бууруулах ажилд нийт 200 гаруй тэрбум төгрөг төлөвлөөд байна. Өнгөрсөн баасан гаригт Засгийн газар утааны асуудлаар өргөтгөсөн хуралдаан хийсэн бөгөөд 2020 онд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж нийслэлийн өрхүүдийг бүрэн хангах төлөвлөгөө гаргасан. Мөн дулааны алдагдал бууруулах, тохилог амины орон сууц барих, цахилгаан халаагууртай болгох чиглэлд “Монгол гэр” багц төслийг хэрэгжүүлж зээл олгохоор төлөвлөж байна.
Засгийн газраас “Монгол гэр 1,2,3” гэсэн багц төслийг хэрэгжүүлэхдээ банкуудаар дамжуулан айл өрхүүдийн орлогоос хамаарч 3-120 сая төгрөг зээлэх аж. Ингэвэл иргэд цахилгаан халаагуурыг банкны зээлээр авч болно гэсэн үг. Банкнаас шаардлагаа тавина. Шаардлага хангасан нь зээлээ авна. БОАЖЯ Банкуудын холбоотой хамтран уг ажлыг хэрэгжүүлэх бөгөөд ерөнхий зээлийн гэрээний асуудлаар талууд ярилцаж харилцан тохирч буй. Мөн энэ жил Эрчим хүчний яамнаас утаа бууруулах чиглэлд 42 мянган айл өрхөд 4 квт-ын цахилгаан халаагуур хэрэглэх боломжийг нь бүрдүүлж, сайжруулсан түлшний үйлдвэрийг 4.5 тэрбум төгрөгөөр өргөтгөж байгаа аж.
Г.Тэмүүлэн