
Ард түмний онц зөвлөл болон бусад Төрийн бус байгууллагуудын төлөөлөл болсон хэвлэлийн бага хурал зарлан УИХ-ын гишүүн М.Энхболдыг огцруулах зорилгоор маргааш буюу арванхоёрдугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдах бүх нийтийн жагсаал цуглааны талаар өнөөдөр хэвлэлд мэдээлэл хийлээ.
Тус хэвлэлийн бага хурлын үеэр АТОЗ-ын гишүүн, эдийн засагч Д. Цогтбаатар “МАНАН бүлэглэл Монгол Улсын үндэсний эрх ашигийг уландаа гишгэж байна.
Хууль бусаар төрийн эрх мэдлийг авахыг хориглоно гэж хуулинд заасан байдаг. Бид өнөөдөр үндсэн хуулиндаа газрын баялаг ард түмний мэдэлд байна гэж заасан. Тэгвэл энэ баялгийг ард түмэн эзэмшиж чадахгүй байна. Хэдхэн гэр бүл хууль бусаар Монголын баялагийг гадаадын оффшор дансанд байрлуулснаар Монгол Улсын эдийн засаг доройтож мөхөстөж байна. Бид энэ МАНАН-гийн системийн нураах үүндээс маргааш жагсаал, цуглаан зохион байгуулна. Энэ цуглаанд ард иргэд маань нийтээрээ оролцохыг уриалж байна. Хүн бүхний оролцоо байвал бид энэ дэглэмийг нурааж чадна” хэмээн мэдэгдэв.

Мөн энэ үеэр Ардын их хурлын депутат асан Н.Пүрэвдорж “Бид бүхний хэвлэлийн бага хурал зохион байгуулж буй гол зорилго бол М.Энхболдыг огцруулж оронд нь өөр хүн залах тухай асуудал биш. МАНАН дэглэмийн үүссэн цаг нь 1996-2000 он гэж боддог. Тэр үеэс өмнө хоёр намын хооронд хуйвалдаан төдийлөн байхгүй байсан. Энэ дэглэм үүссэн цагаас хойш Монголчууд газрын баялагаа гадныханд өгч дуусгаад, утаандаа угаартаж үхэх байдал үүсээд байна. Өнөөдөр МАНАН-гийн дэглэмийг хүн бүр ухамсарлан ойлгож, УИХ-ын зарим гишүүд үүний эсрэг тэмцэж байгаа нь сайшаалтай. Энэ бүлэглэлийн толгойлогч нь М.Энхболд учраас өөрийнх нь хамсаатнуудад мөн адил хариуцлага тооцох ёстой. Өнөөдөр 1990 он шиг ард түмэн өөрсдийн хувь заяагаа шийдэх хариуцлагатай цаг үе ирлээ. Тийм учраас иргэн бүр энэ хариуцлагатай цаг үед өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлаасай гэж хүсэж байна. Ард түмэн бүгдээрээ хүчээ нэгтгэн М.Энхболдыг огцруулъя. Манжийн дарлалаас бид гарч чадсан. Харин одоо МАНАН-гийн дарлалаас гарцгаая" хэмээн уриаллаа. Энэ үеэр хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирсэн бусад Төрийн бус байгууллагын төлөөлөгч нар мэдэгдэл хийсэн бөгөөд маргааш буюу арванхоёдугаар сарын 27-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болох цуглаанд ард иргэдийг хүрэлцэн ирэхийг уриалж байв. Тус цуглаанд 100 гаруй Төрийн бус байгууллагууд оролцоно хэмээн эдийн засагч Д.Цогтбаатар хэллээ.
Г.Тэмүүлэн