
МҮЭХ цалин хөлс, амьжиргаа, нийгмийн байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ "Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргийг бид Засгийн газар, УИХ-аас тасралтгүй шахаж шаардаж байна.
Өнөөдөр нэг сая орчим хүн ядуу байна.
2018 онд валютын ханш, шатахууны өргөн хэрэглээний барааны үнэ ямар хэмжээнд өссөн. МҮЭХ 2018 оны 10-р сараас хойш тулгамдаж буй цаг үеийн зайлшгүй асуудлаар УИХ, ЗГ-т шаардлага хүргүүлж байсан боловч одоо хүртэл эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байна.
Бид цалин хөлсийг нэмэгдүүлж чадаагүй нөхцөл байдалтайгаар шинэ онтой золголоо. Одоо бүр Боловсролын сайдгүй явж байна. Төрийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, УИХ, ЗГ-ын нэгдмэл үйл ажиллагаа бүрэн алдагдаад жагсаал цуглаандаа хүрлээ" гэв.
МҮЭХолбоо 2019 онд УИХ, ЗГ-аас дараах шаардлагуудыг тавьж байна.
1. Боловсрол, ШУ-ны салбарын цалин хөлсийг нэмэгдүүлэх, 2018 оны 9-р сард хүлээсэн үүргээ нэн даруй биелүүлэхийг шаардаж байна. Бид олон сар жагсаал цуглаан, ажил хаялтаар шийдэхгүй байхаар хичээн ажиллаж байна. 2019 ондоо үргэлжлүүлээд хатуу шаардлага тавьж ажиллана.
2. Цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэсэн хэлэлцээрийг өнөөдрийг хүртэл хийгээгүй байна. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэдэн хувиар нэмэгдүүлэх вэ гэдэг хэлэлцээр хийгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар хэлэлцээр эхлээгүй, Засгийн газраас албан ёсны хариу ирүүлээгүй байна. Хэзээнээс хэдэн хувиар цалин нэмэгдүүлэх вэ гэдгийг шахаж шаардах болно.
3. Шатахууны үнэ ханшийг тогтворжуулахыг шаардана. Шатахууны үнэ өссөнөөр өргөн хэрэглээний барааны үнэ дагаад нэмэгдэж байна.
4. НДШ-ийг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 1 хувиар, 2020 оноос 2 хувиар нэмэгдүүлэх нийтдээ 2018 оныхтой нийлээд 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Энэ бол эргэж авч үзэх ёстой шийдвэр. Энэ бол ажил олгогчдод цалин орлогыг нэмэгдүүлэхэд том саад болох хүчин зүйл.