
Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Гэрийн эзэн, эзэгтэйн байтугай тухайн өрхийн гишүүд арчаатай, эсэхийг тэрүүхэн орон зайнаас мэдэрч болдог. Улаанбаатар хот дөрвөн үүдтэй. Орон нутгаас нийслэлийг зорьж ирсэн хүмүүс тэр дөрвийн аль нэгээр нэвтэрдэг учраас шалган нэвтрүүлэх товчоодыг хотын үүд гэхээс аргагүй.
Улаанбаатарыг айлаар төсөөлбөл хаалга нь “ямбий”. Бас болоогүй, эмх цэгцгүй, бохир заваан, элдэв хог хаягдлаар дүүрэн байдаг. Баянзүрхийн товчоо дээрх байдлаараа бусдыгаа тэргүүлдэг байсан цаг саяхан. Тэгвэл хотод амьдардаг, зорьж ирдэг хүмүүсийг бухимдуулж байсан тус товчоог өнгөрсөн есдүгээр сард нүүлгэсэн.
Ингэхдээ байрыг нь буулгаж, орчныг нь сайжруулсан гэж холбогдох албаныхан хэлж буй. Ямар үр дүнд хүрснийг сурвалжиллаа.
ҮҮДНИЙ ӨРӨӨГӨӨ “СУНГАСАН” НЬ ҮР ДҮНД ХҮРСЭН ГЭВ
“Өдөр, шөнөгүй техникийн дуу сонсож, тавгүйтдэг байлаа, одоо больсон. Ер нь товчоог нүүлгэснээс хойш энэ хавийн нөхцөл байдал сайжирсан. Хүүхдүүд ч эмээх зүйлгүй гадаа тоглодог болсон шүү. Товчоогоор орох гэсэн машинууд түгжрэл үүсгэдэг байлаа.
Зам ашигласны хураамж авахын тулд товчооны ажилчид зохиомол түгжрэл үүсгэдэг байсан гэхэд хилсдэхгүй. Ялангуяа зуны улиралд бөөн дараалал үүсэж, зарим нь товчоогоор бус, айлуудын дундуур “давхиж” хот руу ордог. Ингэхдээ их хэмжээний шороо тоос манаргаж, гэрийнхээ хаалга, цонхыг нээх аргагүй болгоно шүү дээ.
Энэ намар тэр зовлонг үзсэнгүй. Дараа зун бид амгалан зусах байх” хэмээн Баянзүрх дүүргийн иргэд цөөн үүгээр өнөөдрийн нөхцөл байдлыг тоймлосон юм.
Техникийн дугуй, химийн бодистой уусмалд “идүүлсэн” товчоо орчмын замыг өнгөрсөн намар нөхөж, сайжруулсан билээ. Мэдээж түгжрэл үгүй болж. Богд уулын арын замтай холбогдох уулзвар хийсний хувь нэмэр ч үүнд бий. Бас хүнд даацын машинууд зогсож харагдсангүй.
Налайх-Зүүн дөрвөн зам-Дүнжингарав худалдааны төв чиглэлд зорчигч тээвэрлэдэг автобусны жолоочтой цөөн хором ярилцлаа. Тэрбээр “Өмнө нь Налайхаас гараад “Дүнжингарав” худалдааны төв хүрэхэд хамгийн хурдандаа нэг цаг 50 минут явдаг байсан. “Ургах наран” хорооллоос Баянзүрхийн товчоо хүртэл бараг 20 минут явдаг байв.
Харин товчоог буулгаснаас хойш тэр түгжрэл үгүй болсон” хэмээв. Автобусанд сууж явсан зарим зорчигч түүнтэй санал нэг буйгаа хэлээд “Шалган нэвтрүүлэх товчоо хотын гадна байх ёстой шүү дээ. Суурьшлын бүс дотор орж, хотод хөл тавьчихаад шалгуулдаг “урт настай” гажиг тогтолцоог зассан нь оновчтой шийдвэр болсон” гэцгээж байлаа.
“ТҮҮХ” БОЛСОН ТОВЧОО АСУУДЛАА АВААД НҮҮЖЭЭ
Баянзүрхийн шалган нэвтрүүлэх товчоо суурьшлын бүс дотор байрлаад олон жил болсон. Хотын зүүн болон зүүн өмнөд чиглэлээс нэвтрэх гэсэн тээврийн хэрэгслүүд тэнд шавалддаг. Зүүн аймгууд, Замын-Үүдээс ачаа тээвэрлэж ирсэн машины жолооч нар айлын хашаа бараадаж хоног төөрүүлнэ.
Нийтийн бие засах газаргүй тул тэд хаа сайгүй “морь харж”, халдварт өвчин тараах эрсдэл ч мэр сэр үүсдэг байв. Тэгээд ачаагаа буулгаж, иргэдийг тавгүйтүүлнэ. Үүний улмаас тухайн хэсгийн авто зам элэгдэж, түгжрэл үүсгэнэ. Харин “нүүсэн” товчоо эдгээр асуудлаа аваад явжээ.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра энэ талаар “Товчоодод асуудал байгааг нуухгүй ээ. Хамгийн их ачаалалтай, асуудал дагуулдаг нь Баянзүрхийн товчоо. Тус товчоог нүүлгэх зайлшгүй шаардлага бий” гэж өгүүлсэн нь манай сонинд нийтлэгдэж байв.
Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан болон холбогдох байгууллагын албан тушаалтнууд өнгөрсөн наймдугаар сард тус товчооны нөхцөл байдалтай танилцаж, нүүлгэх шийдвэр гаргасан юм. Түүнээс 14 хоногийн дараа товчооны байрыг буулгаж, Тэрэлж болон Чойр чиглэлийн зам дахь пост руу шилжүүлсэн. Үр дүнд нь өнөөдрийн амар тайван, бухимдалгүй орчин бий болж, тухайн хэсгийн хөдөлгөөний ачаалал 60 гаруй хувиар буурсан байна.
ИРЭХ ЖИЛҮҮДИЙН ӨНГӨ
Ирэх хавраас тухайн хэсгийн авто замыг өргөтгөн, шинэчилж эхэлнэ. Нийслэлийн ИТХ-аас чиглэл өгснөөр замын трасст орсон газрыг бүрэн чөлөөлж дууссаныг нийслэлийн Газрын албаныхан хэллээ. Тэгэхээр ирэх жилүүдэд тухайн хэсгийн төлөвлөлтийг сайжруулж, аюулгүй орчин бүрдүүлэх боломж бий болжээ.
Өргөтгөн, шинэчлэх Налайх-Улиастайн уулзвар чиглэлийн 20.9 км авто зам олон улсын стандартад нийцсэн, иж бүрэн тохижилттой байх аж. Мөн зам, тээврийн осол гарахаас сэргийлж, огтлолцлыг нь салгаж буй юм билээ.
Үүнээс гадна товчоо байрлаж байсан хэсгээс Налайх хүртэлх авто замын орчны газрыг хамгаалалтад авч, хэтдээ төлөвлөлт хийхийг нийслэлийн ИТХ-аас холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон байна. Тэгэхээр ирэх жилүүдэд хуучин Баянзүрхийн товчоо орчмын бүс өнгө засаж, тэр хавийн иргэд илүү тухтай орчинд амьдрах боломж бүрдэх нь.