
Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.12.27) нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын 75 гишүүнээс 7 гишүүн хүндэтгэх шалтгаантай, хуралдаанд ирвэл зохих 68 гишүүнээс 10 цаг 54 минут гэхэд 32 гишүүн хүрэлцэн ирсэн байв.
Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан 2018 оны 12 дугаар сарын 27, 28-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэхээр тогтсоныг танилцуулаад, УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан ирц бүрдэхгүйн улмаас хуралдаж чадахгүйд хүрвэл 7 дахь удаагаа хойшлоход хүрээд байгааг онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ дахь МАН, АН-ын бүлийн дарга нарт УИХ-ын чуулганы ирц бүрдүүлэх талаар бичиг хүргүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүнийг мэдээлэл хийх гэж байхад чуулганы ирц бүрдүүлээгүй 30 гишүүн байгаа. Тэдгээр гишүүдийн нэр дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүнийг мэдээлэл хийлгэхэд ирц бүрдүүлэх үүргийг нь сануулсан албан бичгийг хүргүүлээд байгаа гэдгийг дурдав.
Мөн энэ долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Улсын Их Хурлын даргыг огцруулах талаарх шаардлагыг авч хэлэлцсэн. Тус байнгын хорооноос өгсөн.
Монгол Улсын Их Хурлын даргаас шилжүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун Эрдэнэ нарын 40 гишүүний гарын үсэг бүхий 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13741 тоот албан бичгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанд танилцуулсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын Их Хурлын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын даргын бүрэн эрх энэ хуулийн 10.1-д зааснаар хугацаанаасаа өмнө дуусгавар болно. 10.2.1-д нас барсан, 10.2.2-т өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан, 10.2.3-т хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан, 10.2.4-т Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан, 10.2.5-д гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан гэж тус тус заасан байдаг тул УИХ-ын гишүүдээс ирүүлсэн албан бичгийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй тул хэлэлцэх асуудлаас хассан гэсэн албан бичгийг Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангаас УИХ-ын даргын нэр дээр албан бичиг ирүүлсэн гэдгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулав.
Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан. Ийнхүү чуулганы хуралдааны ирц бүрдэхийг бүтэн цаг хүлээсний эцэст Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Улсын Их Хурлын ирц бүрдээгүйн улмаас хуралдаж чадахгүйд хүрснийг мэдэгдээд, нийт ард иргэдээсээ хүлцэл өчлөө.