
“Өнөр бүл” асрамжийн төв, нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийнхөн хамтарч “Дүүрэн инээмсэглэл” төсөл бичсэн нь санхүүжилт авчээ. Төслийг уул уурхайн GCR компани санхүүжүүлсэн байна.
Ингэснээр “Өнөр бүл”-ийнхэн шүдний иж бүрэн тохижуулсан кабинеттай болж буй юм. Өмнө нь тус төвийн хүүхдүүд урьдчилан цаг авч нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвөөр үйлчлүүлдэг байжээ. Тус төвийн эмч нар “Өнөр бүл”-ийн шүдний кабинетад ажлын өдрүүдэд ээлжээр ажиллах юм.
Мөн АШУҮИС-ийн багш нар үзлэг хийж, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ сургалт явуулах аж. Шүдний кабинетын нээлт ирэх сарын 2-нд болно. Шүдний кабинет үзлэгийн, дүрс оношилгооны, ариутгалын гэсэн гурван өрөөтэй. Өрөө тус бүр сүүлийн үеийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй юм байна.
“Өнөр бүл” төвийнхөн эхний ээлжинд өөрсдийн хүүхдүүд, дараа жилээс бусад асрамжийн газрын хүүхдүүдийн шүдийг эмчлэхэд анхаарах гэнэ. Мөн Баянзүрх дүүргийн эмзэг бүлгийн хүүхдүүдийг шүдний эрүүл ахуйн үзлэгт хамруулахаар төлөвлөжээ.