
БОАЖЯ-наас олгодог тусгай зөвшөөрлүүдийг хуурамчаар үйлдэх, хугацаа нь дууссаныг ашиглах явдал цөөнгүй гардаг. Тухайлбал, тус яамнаас олгодог байгалийн ургамал, ойн дагалдах баялаг тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг гадаадад гаргах тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн Д.Мөнхтогтох зэрэг хүмүүст холбогдох хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаж дууссан байна.
Тэд уг хуурамч гэрчилгээгээ ашиглан хуш модны самрын идээг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Гаалийн шалган нэвтрүүлэх боомтоор гаргахыг завдсан хэрэгт холбогдсон аж. Хууль сахиулах байгууллагынхны хураан битүүмжилсэн самрын 133 тн идээг эрх бүхий албан тушаалтан болох Д.Ганболд, С.Ариунзаяа нар санаатай үрэгдүүлсэн хэрэгт холбогджээ.
Энэ хэргийг шалгаж дуусаад нийслэлийн Прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн аж. НПГ-аас өнгөрсөн оны сүүлчээр авлига, албан тушаал, хүрээлэн буй орчны эсрэг, гэр бүлийн хүчирхийлэл, бусдын амийг бүрэлгэх, залилах, бага насны хүүхэд хулгайлах, улсын хилээр хязгаарласан, хориглосон бараа хууль бусаар нэвтрүүлсэн зэрэг 44 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсний дотор хил дээр хураасан их хэмжээний самрыг үрэгдүүлсэн дээрх хэрэг багтжээ.