Стандарт, хэмжил зүйн газраас “Ати консалтинг” компанийнханд авто тээврийн салбарын тохирлын үнэлгээ, баталгаажуулалтын итгэмжлэх, гэрчилгээ, үнэмлэх гардууллаа. Ингэснээр тус компанийнхан авто тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд холбогдох стандартаа мөрдөж байгаа, эсэхийг баталгаажуулах эрхтэй болсон юм.
Хувийн хэвшилд ийм эрх олгож буй анхны тохиолдол нь энэ. “Ати консалтинг” компанийн ерөнхий захирал Д.Батбаатар “Хөндлөнгийн байгууллага тохирлын үнэлгээ хийх нь олон талын ач холбогдолтой. Тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд стандартаа мөрдөж буй, эсэхийг бид баталгаажуулах юм. Ингэснээр төрийн эрх мэдэлтэн тухайн компанийг хавчиж, гадуурхах тохиолдол буурна.
Нөгөө талаар компаниуд төрийн байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, эцэс төгсгөлгүй маргаан үргэлжилдгийг зогсооно. Мөн дүгнэлт нь аль нэг талд үйлчлэхгүй гэдгээрээ онцлог” гэлээ. Хөндлөнгийн ийм компаниуд олширвол төрийн байгууллагуудын ачаалал хөнгөрөх аж. Авто засвартай холбоотой ганцхан стандарт байдгийг цаашид кузов, дугуй засварын, тос солих гэх мэтээр нарийвчлан боловсруулна гэдгийг Д.Батбаатар мөн онцоллоо.