
Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр БНСУ-ын Элчин сайдын яамны консул Кил Кан Муктай албан уулзалт хийлээ. Уулзалтаар нийслэлийн иргэдийг БНСУ-д гэрээгээр хөдөлмөр эрхлүүлэх боломжийн талаар санал солилцсон байна.
Тодруулбал, БНСУ-ын Элчин сайдын яамны консул Кил Кан Мук уулзалтын үеэр нийслэлийн иргэдийг БНСУ-д улирлын чанартай гурван сарын хугацаатайгаар албан ёсны эрхтэй хөдөлмөр эрхлүүлэх боломжтой хэмээн хэлсэн бөгөөд өнгөрсөн онуудад хөдөлмөрийн гэрээгээр явсан иргэдийн зарим нь хууль бусаар үлдэх, хувийн аж ахуйн нэгжүүд хууль бусаар өндөр өртөг авч зуучлах зэрэг асуудал гарч байсан учраас үүнийг НЗДТГ зохицуулж гэрээгээр хөдөлмөр эрхлэх асуудлыг албажуулах, хариуцах эзэнтэй болгон зохион байгуулж өгөхийг хүсчээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр Солонгос улсад иргэдийг ажилд зуучлах явдал албан бусаар явагдаж байгааг үгүйсгээгүй бөгөөд үүнийг хуулийн дагуу анхааран ажиллана гэдгээ илэрхийлжээ.