
Түгжрэл бууруулах ажлын хэсгийн хурал өнгөрсөн баасан гарагт болох үеэр гишүүд энэ чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүн муутай байгааг хэллээ. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад хамгийн гол үүрэгтэй нийслэлийн Тээврийн газар зэрэг байгууллагын оролцоо сул байгааг тэд шүүмжилсэн аж.
Энэ үеэр газар чөлөөлөх журмыг нийслэлийн ИТХ-д оруулан хэлэлцүүлж, гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхийг нийслэлийн Газрын албаныханд, замын засвар, бүтээн байгуулалтыг мөн гуравдугаар сараас эхлүүлэхийг нийслэлийн Авто замын хөгжлийн газарт нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан үүрэг болгов.
Замын хөдөлгөөний удирдлагын төв болон цагдаагийн байгууллагад боломжтой бүх хувилбараар хөдөлгөөний зохицуулалт хийх, Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашинуудын тоон судалгаа гаргаж, шинээр бүртгэхдээ аюулгүй байдлын хүрээнд ямар зохицуулалт хийж болохыг судлах үүрэг өглөө.
Нийслэлийн Тээврийн газарт таксины үйлчилгээг цэгцэнд оруулах үүрэг өгөв. Замын хөдөлгөөний зохиомол түгжрэл нэмэгдэхэд такси үйлчилгээнийхэн нөлөөлж буйг онцлов. Мөн таксинд үйлдэгдэх гэмт хэргийн тоо нэмэгдэж буй учраас үйл ажиллагааг нь цэгцэлж, зөвхөн тоолуур, тэмдэгтэй, ялгах өнгөтэйг нь хотод явуулах ёстой гэж нийслэлийн ИТХ-ын дарга хэллээ.