
Хууль зүйн сайд, Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар нарын гэр, ажлынх нь өрөөнд АТГ-ын мөрдөгчид нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын хяналт доор өчигдөр үзлэг, нэгжлэг хийлээ. Д.Дорлигжавын хамаарал бүхий “Билиг” дээд сургууль дахь өрөөнд нь өчигдөр үдээс хойш үзлэг хийсний дараа гэрт нь хууль сахиулах байгууллагынхан очсон аж.
“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд өнгөрсөн оны сүүлчээр “25 дугаар суваг” телевизэд ярилцлага өгөхдөө “Улсын ерөнхий прокурор байсан Д.Дорлигжавт дүүгийнх нь дансаар дамжуулан дөрвөн сая ам.доллар өгсөн. Намайг улс төрийн зорилгоор шантаажилж хэдэн сар шоронд хорьсон” хэмээн ярьсан билээ. Түүнээс өмнө Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин мөн эл дөрвөн сая ам.долларын баримтыг олон нийтийн сүлжээнд тавьж байсан. Дээрх хэмжээний хээл хахуульд Д.Дорлигжав холбоотой, эсэхийг тодруулахаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгаж эхэлсэн юм.
Зарим цахим мэдээллийн хэрэгслээр Д.Дорлигжав болон түүний дүүг саатуулахаар болж байгаа хэмээн бичиж буй ч хууль сахиулах байгууллагын эх сурвалжууд “Одоогоор цагдан хорих талаар санал гаргаагүй” гэлээ.