
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг Нийслэлийн Аялал жуулчлалын газар "Скай Резорт" цогцолбортой хамтран хоёрдугаар сарын 16-17-ны амралтын өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулна.
Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад, дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах, жилийн дөрвөн улиралтай Улаанбаатар хотдоо өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой юм.
“Улаанбаатарын өвлийн наадам” нь уламжлалт болон орчин үеийн гэсэн хоёр хэсэгтэй. Уламжлалт хэсэгт нь Монголчуудын өвлийн улирлын тоглоом наадгайнууд болох мөсөн шагай, мөсөн сур, үндэсний урлагийн тоглолт, үндэсний хувцсны загварын үзүүлбэр, парад багтдаг. Орчин үеийн хэсэгт нь уран гулгалт, тэшүүр, шүхрийн үзүүлэх тоглолт, цана, нохойтой чарга, мөсөн хананд авиралт, снөүборд, рагбигийн тэмцээнүүд зохион байгуулагддаг.