
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хилээр хар тамхи оруулж ирж худалдсан хэрэгт холбогдсон С.Батбилэг, Н.Энхтуяа, Н.Нямдорж нарын гэм буруутай, эсэхийг хэлэлцлээ. Тус шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Отгонсүрэн, шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийг оролцуулан хэлэлцсэн шүүх хурлыг уг нь нээлттэй хийхээр зарласан ч хэвлэлийнхнийг оролцуулахыг татгалзав.
Хэргийн холбогдогч Н.Энхтуяа нь өмнөд хөршөөс өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 16-нд мансууруулах төрлийн “мөс” хэмээх бодис 0.5 гр-ыг оруулан ирсэн, С.Батбилэг нь түүнийг худалдсан үндэслэлээр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан шалгасан аж. Улмаар Эрүүгийн хуулийн 18.5.3-т заасан хилээр хууль бусаар мансууруулах бодис нэвтрүүлсэн, худалдах зорилгоор хууль бусаар олж авсан Н.Энхтуяа, С.Батбилэг нарт яллах дүгнэлт үйлдсэн байна. Харин энэ хэргийн холбогдогч Н.Нямдоржид 20.7.1 дэх хэсэгт заасан борлуулах зорилгогүйгээр олж авсан хэмээн НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн байна. Мөрдөн байцаалтын явцад С.Батбилэг нь Н.Нямдорж болон сэлэм барьж танхайрсан бичлэг нь олон нийтийн сүлжээгээр цацагдсан С.Бямбацогт нарт худалдсан хэмээн буруутгагдсан аж. Энэ хэргээс С.Бямбацогт нарыг тусгаарлаж, танхайн хэрэгтэй нь нийлүүлэн шалгахаар болсон юм.
Шүүх хурлын эхэнд шүүгдэгч Н.Нямдорж, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нар “Хэвлэлийнхнээс хаалттай хийх хүсэлтэй” хэмээснээр сурвалжлахаар очсон сэтгүүлчдийг танхимаас гаргав. Ийнхүү хаалттай хийх шалтгаан нь Н.Нямдорж хэмээх төрийн байгууллагад эрх бүхий албан тушаал хашиж асан, сагсан бөмбөгийн үндэсний лигт тоглодог тамирчин байсантай холбоотой. Өдгөө 29 настай тэрбээр шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад хувиараа хөдөлмөр эрхэлдэг хэмээн мэдүүлсэн. Харин тэрбээр саяхныг болтол Зээлийн батлан даалтын сан хэмээх төрийн байгууллагын Захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байгаад сар гаруйн өмнө ажлаа өгсөн гэдгийг тус сангийн ажилтнууд хэлж байлаа. Тэрбээр бас Монголын тэргэнцэртэй сагсан бөмбөгийн холбооны нарийн бичгийн даргын албан тушаал хашдаг аж.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Батбилэгийг хар тамхи хилээр оруулж ирж бусдад худалдсан гэм буруутайд тооцон таван жил, Н.Энхтуяад дөрвөн жил зургаан сар, Н.Нямдоржийг мансууруулах бодис борлуулах зорилгогүйгээр олж авсан гэм буруутай гэж үзэн нэг жил нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэв.