Өвөл, хаварт мал, амьтан галзуу өвчинд нэрвэгдэх нь нэмэгддэг. “Сүүлийн 20 жилд улсын хэмжээнд 21 аймгийн 286 сум, нийслэлийн долоон дүүрэгт энэ өвчин бүртгэгдсэн нь өндөр үзүүлэлт” гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-ийнхөн хэлэв.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд галзуурсан мал, амьтанд ноцуулсан 122 тохиолдол бүртгэснээс 63 хувь нь нохойд, 13 хувь нь чононд, 8.3 хувь нь малд, үлдсэн нь бусад амьтанд хазуулсан байна. Мал, амьтанд ноцуулсан хүмүүс цаг алдалгүй эмнэлгийн тусламж авч, вакцин, ийлдэс эмчилгээ хийлгэсний ачаар галзуугийн вирусээр халдварлаагүй байна.
Энэ он гарснаас хойш галзуурсан мал, амьтны дайралтад таван хүн өртөж, эмчилгээ хийлгэж байгаа аж. Галзуу нь вирусээр дамжин халдварладаг, үхэлд хүргэх аюултай, байгалийн гоц халдварт өвчин юм. Үүсгэгч нь гадаад орчинд 50-90 хоног амьдрах чадвартай, хоруу чанар өндөртэй тул ЗӨСҮТ-өөс дараах зөвлөмжийг ард иргэдэд хүргэж байна.
- Галзуу өвчний аливаа эрсдэлээс сэргийлж, сонор сэрэмжтэй байх
- Мал, тэжээвэр амьтныхаа зан авирыг ажиглаж, өөрчлөлт илэрвэл мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх
- Гэрийн тэжээвэр амьтнаа бүртгүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, дархлаажуулалтад хамруулах
- Галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулж, хазуулсан даруйд шархыг савантай усаар 10-15 минут хөөсрүүлэн угаах, эмнэлэгт яаралтай хандаж, вакцин хийлгэх
- Малчид бэлчээрт зэрлэг амьтны дайралтад өртөхөөс сэргийлж, мал, амьтан тодорхойгүй шалтгаанаар үхсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөв.